Цаг уурын байгууллагаас ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Сарын эхээр нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, олон жилийн дунджаас хүйтэн, говь, талын нутгаар салхи шуургатай байх нь. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй, салхи шуургатай байх магадлалтай. Тодруулбал, нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутагт олон жилийн дунджаас 1-6, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сарын сүүлчээр 1-3 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна.
Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ч ахиу орох гэнэ. Харин Архангайн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, төвийн бусад нутгаар дунджаас дулаан байх нь. Зүүн аймгуудын тухайд олон жилийн дунджаас дулаан, сарын эхээр зарим газарт цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх аж. Говийн аймгуудад сарын эхээр нутгийн хойд болон өмнөд хэсгээр хур тунадас орж, салхи ширүүсэх гэнэ.
Энэ сард агаарын температур огцом өөрчлөгдөж, салхи шуурганы давтамж ихтэй байгаа тул хүчтэй салхи, гамшигт үзэгдэл, ой, хээрийн түймрээс сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Ташрамд, нийт нутгаар агаарын хэм нэмэгдэж буйтай холбоотой хуурайшилт ихтэй байна. Тухайлбал, Өмнөговь, Дорноговийн баруун өмнөд хэсгээр хуурайшилт нэн их, Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговийн ихэнх нутагт их хуурайшилттай байгааг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсэн юм.
Ч.Цэлмэг