Хаврын хуурайшилт их байгаатай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ногоон бүсийн оршин суугчидтай “Урамшуулалт эргүүл”-ээр ажиллах гэрээ байгуулжээ. Ингэснээр түймрийн голомтод шуурхай арга хэмжээ авах, мэдээлэл солилцох, улмаар төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл бүрдэх гэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 60 дуудлага бүртгэгджээ. Үүний 59 хувийг ил гал, 15 хувийг цахилгааны угсралт, ашиглалтын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дуудлага эзэлсэн байна.
Түймэр гарах гол шалтгаан нь иргэд татсан тамхиа бүрэн унтраалгүй хаях, шар өвс шатаах, халуун үнс нурмаа таггүй саванд ил задгай асгах зэрэг хариуцлагагүй үйлдэлтэйг албаныхан анхааруулав. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд сонор сэрэмжтэй байж, ил гал гаргахгүй, өөрсдийн аюулгүй байдлыг хангахыг онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө. Зөрчлийн тухай хуулийн 5.14.1-д “Иргэн, хуулийн этгээд галын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эсхүл галын аюулгүй байдлын дүрэм, журам, галын аюулгүй байдлыг хангах талаар тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
У.Сүрэн