Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт үл таних хүмүүс түгээмэл тархацтай ашигт малтмал (зам, барилгын материалын зориулалтаар ашигладаг элс, хайрга, шавар, хүрмэн, боржин чулуу) олборлож байгаа талаарх нутгийн иргэний гомдол, мэдээллийн дагуу байгаль орчны улсын байцаагчид болон экологийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, хяналт шалгалт явуулахад хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ. Үүний дагуу тэдний үйл ажиллагааг таслан зогсоож, ашиглаж байсан техник, хэрэгслийг нь буцаан татуулах арга хэмжээ авсныг БОУАӨЯ-наас мэдээллээ. Цаашид Байгаль орчны улсын хяналтын газраас энэ мэт хууль бус олборлолтыг таслан зогсоох, эрсдэл бүхий бүс нутгуудад хяналт шалгалтыг тогтмолжуулах, холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх замаар байгаль орчныг сэргээн хамгаалах арга хэмжээ авна гэв.
Өнгөрсөн онд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу түр карьер эрхэлж байсан нийт 57 газарт хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд 57.2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн байгаль орчинд учруулсан хохиролд нь 168.8 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, төлүүлсэн байна.
М.Гэгээ
