Цаг уурын болон онцгой байдлын байгууллагаас энэ сарын 17-19-нд ихэнх нутагт салхи хүчтэй салхилж, шороон болон цасан шуурганы аюултай, гамшигт үзэгдэл болж, агаарын температур 10-20 хэмээр эрс хүйтрэхийг өнгөрсөн баасан гарагт анхааруулсан билээ. Энэ үеэр ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн “Ямаа самнах, мал төллөх, отор нүүдэл хийх гээд малчдын ид ажил өрнөж байна. Гэхдээ цаг агаарын аюултай үзэгдэл тохиох эдгээр өдөр бага насны хүүхдийг малд явуулахгүй, малаа ойрхон бэлчээх, төлийг осгохоос хамгаалах зэргээр аюулгүй байдлаа хангана уу. Үзэгдэх орчин хязгаарлагдаж, мал шуурганд уруудах эрсдэлтэйг онцгойлон анхааруулъя” гэсэн юм. Харин цаг уурын байгууллагаас “Цаг агаар дулаарсны дараа цас орж, огцом хүйтрэхээр зам, даваа мөстөж, халтиргаа гулгаа үүсэн, хүн, мал осгох, хайрагдах тохиолдол сүүлийн үед давтагдах боллоо. Говийн бүс нутагт өдөртөө 25-28, Улаанбаатарт 15-16 хэмийн дулаантай байсан. Гэтэл гэнэт цас орж, эрс хүйтрэх нь илүү эрсдэл дагуулдаг” гэв.
Тодруулбал, энэ сарын 17-18-нд шилжих шөнө Увсын өмнөд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр, 18-нд Дундговь, Өмнөговийн нутагт салхи секундэд 18-20, зарим үед 28 метр давж, хүчтэй салхи, шороон шуурганы аюултай үзэгдэл болжээ. Мөн Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Төв аймгийн нутгаар нойтон цас орж, цасаар шуурав. Цаг уурын байгууллагын өчигдрийн 09.00 цагийн мэдээллээр Дорнод, Сүхбаатар, Хэнтий болон Налайх дүүрэгт цас, Багануур, Төв аймгийн Зуунмод, Мөнгөнморьт, Эрдэнэсант, Увсын Цагаанхайрхан, Хэнтий, Өвөрхангайн зарим суманд цасаар шуурав.
Харин Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Өмнөговьд шороон шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагджээ. Хэдийгээр зам даваанд үзэгдэх орчин хязгаарлагдсан ч зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж буйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Хүчтэй салхины улмаас зарим айлын гэр, хашаа нурж, байшингийн дээвэр хууларсан дуудлага онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Ч.Туяа