Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсролын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай тогтоолыг танилцуулж, “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдоос чөлөөлье” цогц арга хэмжээг батлуулсан билээ. Үүний хүрээнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр “Сургуулийн орчинд хоол, ус уух дадал, эрт илрүүлэг гэсэн гурван арга хэмжээг олон улсад авч хэрэгжүүлснээр хүүхдийнхээ эрүүл мэнд, сурч боловсрох эрхийг хангаж чадсан байна. Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдоос чөлөөлье” цогц арга хэмжээний хүрээнд долоон гол шинэчлэл хийнэ. Тухайлбал, хөтөлбөрийн шинэчлэл хийж, хүүхдүүдийг багаар ажиллах, шийдвэр гаргах, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх чадвартсургана. Суралцагчдад мэдлэг олгох явцдаа бие, сэтгэл, оюуны тамиртай ирээдүйг бэлтгэнэ. Мөн багшийг ажлын ачааллаас чөлөөлөх хүрээнд орон тооны дутагдлыг нөхөх, төрийн зардлаар суралцсан ч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа мэргэжилтнүүдийн зардлыг нөхөн төлүүлэх, багш дутагдалтай сургуульд ажилласан залуусыг цэргийн алба хааснаар дүйцүүлэн тооцох болно. Түүнчлэн төгсөх ангийн оюутнуудыг ажлын байранд зуучлах, ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг дахин төлөвлөж, сум дундын, ахлах, төрөлжсөн ахлах сургуулиудыг хөгжүүлэх зэргээр дорвитой өөрчлөлт хийнэ” гэв. Мөн тэрбээр улсын хэмжээнд 2742 багш дутагдаж буйг онцлоод төрийн сангийн зээлээр сурсан багш нарын 50 орчим хувь нь салбартаа ажиллахгүй байгааг дурдсан юм.
Ч.Болор