“Сүү” хөтөлбөрт энэ оны байдлаар 17 аймаг, нийслэлийн 344 сургууль, 172 цэцэрлэгийн 306 621 хүүхэд хамрагдаж байна. Эл хөтөлбөрт эцэг, эх, асран хамгаалагчдын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр 32 тэрбум төгрөг зарцуулж буй. Манай улс сүү, сүүн бүтээгдэхүүнд MNS 0219:2025 стандарт мөрддөг ч үүнд хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон хэмжээ, баяжуулалт, савлагааны асуудлыг тусгаагүй байж. Иймд хүнсний баталгаат байдлыг хангах үүднээс сургууль, цэцэрлэгийн хүүхдэд зориулсан сүүний стандартыг шинээр боловсруулахаар болжээ.
Мөн орон нутгийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төрөөс дэмжлэг үзүүлэх, өртгийг нь бууруулах, сүүний нэмэлт баяжуулалт, лабораторийн хяналт, шингэн сүүгээр хангах боломж, нөхцөл, сав, баглаа боодол, хог хаягдлын менежментийг сайжруулахаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд ажиллаж буй гэнэ. Тодруулбал, сурагчдад зориулсан сүүний стандартыг боловсруулах ажлын хэсгийг ХХААХҮЯ-наас байгуулж, Боловсролын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагынхан хамтрахаар болжээ.
Ташрамд, өнгөрсөн онд үйлдвэрийн аргаар боловсруулсан 61.1 сая литр шингэн сүүг дотоодын зах зээлд нийлүүлсэн бөгөөд үүний 16.3 хувийг боловсролын байгууллага худалдан авчээ.
Ч.Цэлмэг