“Эл жи Cингапур органик Монголиа” компани нь Сингапурын технологиор хоногт дөрвөн тонн органик бордоо бэлтгэх хүчин чадалтай үйлдвэрийг “Эмээлт” захын ойролцоо байгуулжээ. Эл үйлдвэр нь хоолны болон мал, шувууны аж ахуйн хаягдлаар 16 цагийн дотор органик бордоо гаргах боломжтой бөгөөд өвчин үүсгэгчгүй, үнэргүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эко гэрчилгээтэй аж.
Түүхий эдийн “Эмээлт” захаас өдөрт долоон тонн орчим малын гаралтай хог хаягдал гардаг. Үүнээс биотехнологийн аргаар боловсруулж, органик бордоо үйлдвэрлэн гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхээр зорьж буй аж. Цаашид “Эл жи сингапур органик Монголиа” компанийнхан бордооны үйлдвэрээ өргөжүүлэх, орон нутагт сүлжээ хэлбэрээр байгуулах, тахианы ферм, хүнсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөн, хэлэлцээ хийж байгаа гэнэ. Манай орны хувьд Ургамал, газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс тариалангийн салбарт жил бүр 100 гаруй мянган тонн бордоо шаардлагатай гэсэн тооцоо хийжээ. Гэсэн ч тариаланчдын санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан үүний 20 орчим хувийг л хэрэглэдэг гэдгийг ХХААХҮЯ-наас дурдлаа. Тиймээс салбарын яамнаас цаашид хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор дотоодод үйлдвэрлэсэн, баталгаажсан органик бордоо хэрэглэсэн тариаланчдад давуу байдал, урамшуулал олгох механизмыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.
С.Цэрэн