Элсэлтийн шалгалт, багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн зохион байгуулах талаар Боловсролын яам, Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдээлэв. 2022 оноос хойш багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ хийж буй бөгөөд сайжруулах шаардлага тулгарсан байна. Тодруулбал, цэцэрлэгийн багш гурван шалгуур, 11 үзүүлэлт, ерөнхий боловсролын сургуулийн багш дөрвөн шалгуур, 12 үзүүлэлтээр шалгуулдаг байсныг цөөлжээ. Өөрөөр хэлбэл, энэ талаар ажлын хэсгийнхэн олон судалгаа хийж, багш нартай уулзсаны дүнд багш болон байгууллагын үнэлгээг зургаан шалгуур, 12 үзүүлэлтээр авахаар болжээ. Ингэхдээ цэцэрлэг, сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээг Боловсролын үнэлгээний төв буюу хөндлөнгийн байгууллага явуулах гэнэ. Харин багшийг тухайн байгууллагын үнэлгээний багийнхан Боловсролын үнэлгээний төвийн аргачлал, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэхээр болсон нь.
Урьд нь нэг багшид захирал, сургалтын менежер, сурагч, эцэг, эх зэрэг олон хүн “дүн тавьдаг” байсан бол одоо зөвхөн сургуулийн үнэлгээний багийн гишүүд нь үнэлэх нь. Тухайн багшийн бүтэн жилийн амжилт, ахицыг нотлох баримтад тулгуурлан үнэлэх аж. Мөн багш, байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний санхүүжилтийг тусад нь олгодог байсныг нэгтгэж өгөхөөр болжээ. Харин тухайн байгууллагын удирдлага багшийн үнэлгээг үнэн бодитой гаргаагүй тохиолдолд өндөр хариуцлага тооцох гэнэ.
Түүнчлэн элсэлтийн шалгалтыг ирэх зургаадугаар сарын 25-28-нд 10 хичээлээр зохион байгуулах талаар танилцуулав. Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд математикийн жишиг бодлого болон өмнөх жилүүдийн шалгалтын материал, сэдвүүдийг нээлттэй байршуулсан байна. Жишээ нь, өнгөрсөн жил байршуулсан 1000 бодлогоос элсэлтийн шалгалтад ирээгүй гэх гомдол гарсан. Эдгээр нь жишиг даалгавар тул шалгалтад яг ийм бодлого ирнэ гэсэн үг биш болохыг мэргэжилтэн тайлбарлалаа. Элсэлтийн шалгалтын бүртгэлийг эхлүүлсэн бөгөөд тавдугаар сарын 15-нд дуусна. Ташрамд, шалгалтыг 2028 он хүртэл хуучин журмын дагуу явуулах юм.
Ч.Болор