Нийслэлд бугшсан авлига, газрын хулгай, буруу бүхнийг цэвэрлэх “шорвог” шийдвэр гаргаж чадах цорын ганц хүн хэмээн ухуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үеэл Х.Нямбаатарыгаа УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын өндөр албанаас нь түдгэлзүүлэн байж хотын дарга болгосон юм. Үүнээс хойш хоёр жил долоон сарын хугацаа өнгөрчээ. Энэ зуурт тэр өөрөө бараг авлигын “загалмайлсан эцэг” болж, харин нийслэлийн иргэдийн ачаалал, тулгамдсан асуудал улам нэмэгдсээр л байна. Уг нь хотын дарга бол Улаанбаатарын өдөр тутмын үйл ажиллагаа, хөгжлийн бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлж, нийслэлийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх шийдвэр гаргах үүрэгтэй албан тушаалтан. Гэвч Х.Нямбаатар яг үүний эсрэг ажиллаж, бидний амьдрах нөхцөлийг улам дордуулан туйлдуулж буй юм. Тэрбээр үеэлтэйгээ хамтран юм бүхнийг урвуугаар “хөгжүүлдэг” гаж тогтолцоо бүрдүүлж, өөрсдөө “хаан” болох замаа л засжээ.
ИРГЭДИЙН ЭСРЭГ ЧИГЛЭСЭН “ШОРВОГ” ШИЙДВЭРҮҮД
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатарын сая гаруй хүнийг төлөөлөн сонгогдсон. Тиймээс тэднийг аятай тухтай амьдруулахад хэрэгтэй бодлого, тогтоомжийг баталж, Засаг дарга Х.Нямбаатараас хэрэгжилтийг нь шаардах учиртай хүмүүс юм. Хотын дарга ажлын тайлангаа ИТХ-д тавьж, үнэлүүлж, дүгнүүлэх учиртай. Мөн хариуцлага тооцох эрхтэй. Гэвч урвуу тогтолцооны дүрмээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх олонх нь Засаг даргаа хянах биш, түүнд үйлчилж, захирагддаг болоод буй. Яг л Л.ОюунЭрдэнэ гүйцэтгэх засаглалын тэргүүн атлаа Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагыг “базчихаад” хүссэнээрээ хөдөлгөдөг байсан шиг. Учир нь төлөөлөгчдийн олонх нь ямар нэг төрийн болон орон нутгийн өмчит компаниудын захирал болсон тул эрх ашиг, “давхар дээл”-ндээ барьцаалагддаг аж.
рьцаалагддаг аж. Тиймээс Х.Нямбаатар ба нийслэлийн ИТХаас иргэдийн эсрэг шийдлүүдийг угсруулан гаргасаар ирэв. 2024 оны арваннэгдүгээр сарын 8-наас импортоор оруулж ирж буй автомашинд улсын дугаар олгохдоо шалгуур тавьж, зарим тохиолдолд дуудлага худалдаагаар зарах шийдвэрийг хэрэгжүүлсэн. Уг нь иргэд автомашин худалдан авахад улсын дугаар үнэгүй дагалддаг, олон жилийн турш бүх юм зүв зүгээр, хүнд сурталгүйгээр болоод л байсан юм. Харин одоо “гоё” дугаарын үнэлгээ хэдэн саяд хүрч, энгийнийг нь ч өндөр үнээр худалдаж авдаг дамын наймааг цэцэглүүллээ. Мөн 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс автомашины татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх нь тэр. “Приус-41” машинтай иргэн өмнө нь автомашины татварт 36, зам ашигласны төлбөрт 20, нийт 56 мянган төгрөг төлдөг байсан бол 2025 онд 208 мянгыг өгсөн гэсэн үг. Арай том мотортой машинтай иргэд 300 мянга гаруй төгрөг татварт төлж байна. Үеэлүүд засагласан он жилүүдэд улсын эдийн засаг цаасан дээр өссөн ч өрхийн амьдрал урвуу хамаарлаар доошилсон. Арайхийн амь зууж яваа иргэдээ Х.Нямбаатар ийнхүү тавлаж, нуруун дээрх ачааллыг нь огцом нэмэхдээ “Машины татвар, дугаарыг өндөр болговол хүмүүс явган алхах нь нэмэгдэнэ, улмаар түгжрэл буурна” гэсэн мунхаг логик дэвшүүлсэн юм. Бодлогын зохицуулалт, шийдэл гаргахын оронд “Та нар машин унаад тансаглаад байна, явган алхвал хот сайхан болно” гэх. Зам ашигласны төлбөрийг огцом, тав дахин нэмээд нийслэлийн өнгө төрх сайжирсангүй. Замууд улам л эвдэрч, иргэдийн эд хөрөнгөд хохирол учруулсаар байна. Зассангүй. Өнөөх мөнгө нь хаашаа орчхов, тайлагнасангүй. Харин бордюрын “мафи” хүчтэй учраас жил бүр солиод байгаа юм.
Түгжрэл бууруулах шийдэл гаргах чадваргүй учраас хичээл эхлэх, Цагаан сарын баяр ойртсон үеүдэд шууд л 2-3 долоо хоногоор автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргана. Бараг бүтэн жилийн турш ийм зарчмаар явуулчих хүсэл Х.Нямбаатарт бол бий. Хувийн өмчөө хүссэн үедээ унаж чадахгүй атлаа иргэд өмнөхөөсөө 3-5 дахин их татвар төлөх нь яавч шударга биш.
Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулна гээд түлшийг хязгаарлав. Сайжруулсан нэртэй түлшээ хүссэн хэмжээгээр авах эрхийг боож, норм тогтоосон. Тэгснээ “Хотула” хэмээх аппликэйшн нэвтрүүлж, цахимжуулах гээд бүртгэлийн баахан будилаан хутгав. Гэр хорооллын айлыг орон сууцынх гэж бүртгээд, нүүрс өгөхгүй бухимдуулав. БНХАУ-аас хагас коксон түлш оруулж ирж, хэрэглүүлж туршлаа. Түүнийгээ ч бас хэмжээ хязгаартай олгоно, байсхийгээд нийлүүлэлт нь тасарч, өнгөрсөн өвлийг гэр хорооллын иргэд тун зутруу, стресс ихтэй давсан. Утаа буурсангүй.
Нийтийн тээврийн чиглэлийг огцом өөрчилж, иргэдийг бухимдуулсан. Нэг өглөө босоод ирэхэд л автобусны чиглэл өөрчлөгдчихсөн, ажил, хичээлдээ яаж явах учраа иргэд олохгүй, хэд дамжиж байв. Сонсголон орчимд бүр ямар ч автобус явуулахгүй, тэнд ажиллаж, амьдардаг иргэд урагшаа, хойшоо 3-4 км алхаж байж автобус “олж” байлаа шүү дээ. Аливаа шийдвэр гаргахдаа бодит судалгаа хийдэггүй, тооцоолол үгүйн энэ мэт жишээ олон. Иргэд бухимдаад, шүүмжлээд ирмэгц өнөөх мулгуу шийдвэрээ цуцална. Х.Нямбаатар даргалсан гурван жил орчимд нийслэлчүүд сэтгэл зүйгээрээ хохирч дууслаа.
Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийснийг нь бол үгүйсгэхгүй. Дулаан, тохитой автобустай болсон ч өвлийн улиралд хүрэлцээ муу, иргэд хэдэн цагаар унаагаа хүлээдэг, багтахгүй “алалцдаг” хэвээрээ л байна. Энэ мэтээр хотын дарга болмогцоо л шийдэл нэртэй шийтгэлийг хотын иргэдэд оноож эхэлсэн юм.
ХАЛААС ДҮҮРЭН МӨНГӨ БА МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ
Х.Нямбаатар Засаг дарга болсон сүүлийн гурван жилд хотын төсөв түүхэнд байгаагүйгээр өсөөд байна. 2023 онд нийслэл хот 1.9, 2024 онд 2.6, 2025 онд гурав, энэ онд 4.6 их наяд төгрөгийн төсөв баталсан юм. Төсвийн орлогынх нь 85-93 хувийг татварын хураамж бүрдүүлсэн нь л тэд иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр ямар их ачаалал үүрүүлсний нотолгоо. Татварыг тултал нэмж, босгосон орлогоороо том том төслүүдийг санхүүжүүлнэ гэсэн “мөрөөдлийн жагсаалт” гаргаад буй. Хотынхоо замыг ч олигтой нөхөж чаддаггүй байж метро, дүүжин тээвэр гэх мэтийн том төслүүдийг зэрэгцүүлэн хэрэгжүүлнэ хэмээн зүтгэгчдэд итгэх хүн хэр олон бол.
2026 онд гэхэд нийслэл хот төсвийн хөрөнгөөр 265 арга хэмжээг санхүүжүүлнэ гэж буй. Үүнээс авто замд 52.7, хот байгуулалт, дэд бүтцэд 32.3 хувь гэх мэтээр зарцуулахаар тооцсон. Мөн нийт 32 км урт “Туулын хурдны зам” төслийн барилгын ажлыг эхлүүлээд буй.
Мөн Улаанбаатар хот 2024 онд анх удаа бонд гаргасан. “Улаанбаатар бонд”-оор 500 тэрбум төгрөг, “Нийслэл бонд”-оор 500 сая ам.доллар, нэмэлтээр дотоодын 300 тэрбумын бонд гаргажээ. Энэ их мөнгийг хотын түгжрэл, утааг бууруулах, дэд бүтцийг сайжруулахад зарцуулах зорилгоор босгосон юм. Гэвч одоогоор үр дүн харагдаагүй л байна. Халаас дүүрэн мөнгөтэй ч хотод зарцуулсан, өөрчилсөн бодит ажил түүнд алга. Гагцхүү “мөрөөдлийн жагсаалт” л бий аж.
ИРГЭДИЙНХЭЭ ЭСРЭГ ТЭМЦДЭГ ХОТЫН ДАРГА
Энэ онд барилгын ажлыг нь эхлүүлж буй “Туулын хурдны зам” төсөл сүүлийн сар гаруйн турш анхаарлын төвд байна. Нийслэлийн төсвөөс 2.3 их наяд төгрөгөөр санхүүжүүлэх уг төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хаоюань женерал констракшн” ажиллаж буй. Хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй. Бас байгаль орчны үнэлгээ хангалтгүй, түгжрэлийг яаж бууруулах тооцоо, судалгаа байхгүй. Мэргэжилтэн, судлаачид үүнийг байгальд сөрөг нөлөөтэй, түгжрэлд нэмэргүй гэдгийг нь баримтаар тайлбарлаж, иргэд эсэргүүцэн жагсаж буй. Тэдэнд тодорхой хариу хэлчхэж чадахгүй атлаа Х.Нямбаатар эл төслийг цээжээрээ хамгаалан, иргэдийнхээ эсрэг жагсав. Хотын иргэдийн сайн сайхны төлөө ажиллах учиртай Засаг дарга нь тэднийгээ эсэргүүцэн төлөөлөгчдийн хамт жагсахыг үздэг бид мөн азгүй хүмүүс ажээ. Мөн гүйцэтгэгч компанид хотын удирдлага хэдийн 500 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн юм билээ. Төслийг шалгаж, эцэслэх хүртэл Засгийн газраас ажлыг нь түр зогсоох шийдвэр гаргасан.
Гэтэл Х.Нямбаатар болон нийслэлийн ИТХ дахь түүний хүмүүс ээлжит бус хуралдаан хийж, эл төслийг хэрэгжүүлэхийг дэмжих тогтоол батлуулахаар улайрав. Хотын дарга нь Ерөнхий сайдаасаа том аж. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн 40 нь МАН, тав нь АН-ынх. МАН-ын 40 хүний дотор эрхбиш ичих булчирхайтай хэсэг “тодорч”, хурлын дарга А.Баяр нь “Засгийн газраас зогсоосон төслийг шалгаж эцэслэх хүртэл ИТХ-ын хурлаар хэлэлцүүлэхгүй” хэмээн эсэргүүцсэн. Тэгмэгц нь Х.Нямбаатарын талын 29 хүн гарын үсэг гялс зураад А.Баярыгаа огцруулчихаж байгаа юм.
Мөн өөрийг нь шүүмжилсэн хүн бүр лүү “ноцдог”, бүх цаг үеийн хамгийн завтай, хэрүүлч даргаар тэр тодорсон. Шүүмжилсэн хүн бүртэй нийгмийн сүлжээгээр хэрэлдэнэ. Уг нь нийтийн төлөө ажиллах үүрэгтэй улс төрийн албан тушаалтан үг даадаг, шүүмжлэл сонсдог, иргэд нь олонхоороо дургүй байгаа төслийг хэрэгжүүлэхээс татгалздаг байх учиртай. Гэвч манай даргад ийм ухаан алга. Хажуугаар нь өнгөрөхдөө хуцсан нохойтой ч хэрэлдэхэд бэлэн нэгэн. Үүгээрээ тэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас нэг их ялгарах юм алга.
Үеэлийнхээ нутагшуулсан, өөрийг нь шүүмжилсэн, сөрсөн бүхнийг харлуулдаг, гутаадаг технологийг тэр амжилттай хэрэгжүүлж яваа юм. “Туулын хурдны зам” төслийг эсэргүүцэн тууштай тэмцэж буй иргэдийн гол манлайлагчдыг сүүлийн нэг сарын турш элдвээр гутаалаа. Тухайлбал, иргэн Г.Уянгаагийн хувийн амьдралд хошуу дүрж, хүүхдүүдийг нь хэн нэгэн этгээд дагаж, айлгахыг оролдсон тухай тэрбээр цахим хуудсандаа бичсэн юм. Тэгвэл энэ шуугиантай зэрэгцээд Х.Нямбаатарын охин инстаграм хуудсандаа үнэтэй нохойгоо хэрхэн нийслэлийн дундаж иргэний тэр бүр хүртэж чаддаггүй стейк, далайн хоолоор тэжээж, гадаадаар дагуулан зугаалдаг зургаа дэлгэв. Нохойгоо хайрладаг, хамаг бүхнээ зориулдаг байхыг хэн ч үгүйсгээгүй. Гагцхүү хотын дарга хэмээх улс төрийн албан тушаалтны охин, хамаарал бүхий хүн ямар орлогоор олсон мөнгөөр ийнхүү тансаглаж байгааг нийслэлийн иргэд бид асуух, шаардах эрхтэй. Х.Нямбаатар ч шалгуулах үүрэгтэй юм.
аж. Гэтэл түүний охин аавынхаа хагас жилийн цалинтай тэнцэх үнэтэй брэнд цүнх барьдаг, таван саяын үнэтэй нохойгоо хэдэн саяын өртгөөр тэжээж байгааг хардахаас яах билээ. Тэрбээр 2016 онд анх УИХ-д сонгогдсон юм. Гишүүн болохоос нь өмнө түүний жилийн орлого 111 сая төгрөг байсан бол 2018 онд 422 сая төгрөг болж өссөн тул нэр бүхий иргэн АТГ-т шалгуулахаар хандаж байжээ. Тэгвэл 2025 онд түүний өөрийн орлого 65.7, гэр бүлийн орлого 28 сая болжээ. Мөн 292 сая төгрөгийн өртөг бүхий “Toyota prius”, “Toyota land cruiser-200” маркийн хоёр машин, 25 сая төгрөгийн үнэт эдлэл, 21 саяын хадгаламж, 217 саяын өртөг бүхий мал, 100 саяын газартай гэсэн байна. Орлогоо нотол гэсэн зарчмын асуудал сөхөхөд “троллууд” нь “Хүний нялх үрээр оролдлоо” хэмээн шуугив. Харин иргэн Г.Уянгаагийн зургаан настай охиныг бусдаар дагуулж, айлгасан тухай, тэр хүүхдийн эрхийн талаар ганц үг дуугарсангүй. Хүний хүүхэд мэлхий, миний хүүхэд дэлхий гэдэг хандлага энэ.
Охиныхоо тансаглалын тухайд хотын дарга “Хүүхэд байхаас нь тэжээсэн нохой. Бас манай охин нохойн хоол, хатаасан мах зардаг юм. Бизнесээ сурталчлахад юу нь буруу юм” гэсэн тайлбар өгсөн. Мөн дээрх төслийг эсэргүүцсэн ИОНН-ын дарга Ц.Оюунгэрэлийн гэрийн гадаа Х.Нямбаатар очиж, баахан хашхичсан. Уг нь түүнд ийм эрх үгүй. Өөрөө бусдын гэрийн гадаа очиж, эрх чөлөөнд нь халдсан атлаа тэрбээр “Манай гэрийн дээгүүр дрон нисгээд байна” гэж гомдоллов. Тэр босс, бусад нь “бөөс” бололтой юм.
Энэ бүхнээс үзэхэд Х.Нямбаатар огцрох болзлоо хэдийн хангажээ. Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ тансаглалын эх үүсвэрийг нотолж чадахгүй огцрох үед л Х.Нямбаатар ч бас “хөтлөлцөөд” явах ёстой байсан. Гэвч их удаан тэслээ. Одоо харин явах цаг чинь боллоо, хотын дарга аа. Авлига, албан тушаалаа ашиглаж хөрөнгөжсөн байж болзошгүй, бас үндсэн үүргийнхээ эсрэг ажиллаж, иргэдтэйгээ тэмцдэг Засаг дарга нийслэлчүүдэд хэрэггүй. Ерөнхий сайд Н.Учрал одоо иргэдээ сөрөхгүй, сонсоно гэсэн үгэндээ хүрч, буруу булхайтай эвлэрэхгүй гэдгээ Х.Нямбаатарыг огцруулж л батал.