Ерөнхий боловсролын сургуулиудын хот, хөдөөний сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жилд хүрээд буйг Боловсролын яамнаас өчигдөр мэдээллээ. Уг судалгааг хийхдээ 2022 оны PISA олон улсын шалгалтын үнэлгээнд үндэслэсэн бөгөөд үүгээр манай сурагчид математикийн мэдлэгээр дэлхийн хүүхдүүдээс 2-3, унших чадвараар таван жил хоцрогдолтой байгаа нь тогтоогдсон юм. Иймд энэхүү хоцрогдлыг арилгах нь боловсролын салбарын нэн тэргүүний зорилт болсныг сайд Л.Энх-Амгалан онцоллоо. Тэр дундаа хот, хөдөөний ерөнхий боловсролын сургалтын чанарын ялгааг ойртуулах, тэгш бус байдлыг арилгах хүрээнд дараах арга хэмжээ эхний ээлжид хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал, сургалтын хөтөлбөрийг мэдээлэл дамжуулах агуулгаас асуудал шийдвэрлэх, багаар ажиллахад суурилсан ур чадварт шилжүүлнэ. Мөн “Гэрт ойрхон сайн сургууль” үзэл баримтлалын хүрээнд алслагдсан дүүрэг, багуудад орчин үеийн, хурдан угсардаг, контейнер сургуулийн загвар нэвтрүүлэх гэнэ. Түүнчлэн “Нэг хүүхэд-нэг компьютер” хөтөлбөрийг үргэлжлүүлж, багш, сурагчдын сургалтад хиймэл оюуны туслах систем ашиглах аж.
Сургуулиудад олгодог хувьсах зардлын тухайд сургалтын үр дүн, гүйцэтгэлтэй нь уялдуулах ба багш, ажилтны хүний нөөцийн бодлогыг чанаржуулж, цалин урамшуулал, нийгмийн баталгааг нь сайжруулахад онцгойлон анхаарна гэв. Мөн сургуулийн орчин дахь үдийн цайны чанар, хүртээмжийг хот, хөдөөний хүүхдүүдийн өсөлт, хөгжлийн онцлогт тулгуурлан сайжруулах заалтуудыг бодлогодоо тусгах аж.
М.Гэгээ