АНУ, Израил болон Ираны хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний улмаас сүүлийн хоёр сарын хугацаанд дэлхийн зах зээлд нэг тэрбум орчим баррель газрын тосны хомсдол үүссэнийг Саудын Арабын “Saudi aramco” компаниас мэдээллээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Амин Насерын тооцоолсноор Ормузын хоолойн бүслэлт зогсож, нийлүүлэлт сэргэсэн ч зах зээл болон түүхий эдийн үнэ эргэн тогтворжиход тодорхой хугацаа шаардлагатай аж. Тэрбээр дайн тулаанаас гадна эрчим хүчний салбарт олон жилийн турш үргэлжилсэн хөрөнгө оруулалтын дутагдал нь хомсдож буй нөөцөд нэмэлт дарамт болж байгааг энэ үеэр анхааруулав. Дэлхийн газрын тосны нийт нөөцийн 12 хувийг дангаараа бүрдүүлдэг “Saudi aramco”-гийн энэ оны нэгдүгээр улирлын цэвэр ашиг 25 хувиар өсөж, 32.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Одоогоор тус компани Ормузын хоолойн бүслэлтийг тойрч гарахын тулд Персийн булангийн зүүн эргээс Улаан тэнгис рүү өдөрт долоон сая хүртэлх баррель түүхий нефть дамжуулах хүчин чадалтай өөрийн хоолойг ашиглаж байгаа юм. Британийн “Financial times” сонинд нийтэлснээр энэ оны дөрөвдүгээр сард дэлхийн газрын тосны нөөц 200 сая баррелиар буурсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Одоогоор олборлосон ч боловсруулаагүй түүхий тосны нөөц дөрвөн тэрбум баррель орчим байгаа ч үүний дийлэнх хэсгийг үйлдвэр болон дамжуулах хоолойн тасралтгүй ажиллагааг хангахад ашиглаж буй гэнэ.