Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг, зуслангийн бүс орчмын буюу Бэлхээс Сэлхийн эцэс хүртэлх авто замыг энэ сарын 15-ны 00.00 цагаас 18-ны 05.00 цагийн хооронд хааж, бүрэн шинэчлэхээр болсныг нийслэлийн Замын хөгжлийн газар (НЗХГ)-аас мэдээллээ. Иймд иргэд, оршин суугчдыг дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв. Бэлхийн зуслангаас Сэлхийн эцэс хүртэл нийт гурав орчим км зам засаж, шинэчлэх бөгөөд төсөвт өртөг нь 4.5 тэрбум төгрөг аж. Цаашид зуслангийн бүсүүдийн авто замыг төлөвлөгөөний дагуу засаж, сайжруулна гэдгээ НЗХГ-ынхан хэлсэн. Түүнчлэн нийслэлийн гол болон туслах замуудын засвар, арчлалтын ажлыг өнгөрсөн сарын 15-наас эхлүүлсэн. Ингэхдээ лазер хэмжигч багажийн тусламжтайгаар хагарал, эвдрэлийг тодорхойлон, засаж тэгшилж буй гэв. Энэ онд авто зам, замын байгууламж шинээр барих болон засвар, шинэчлэлтэд Замын сангаас 160.8, арчлалтад 50.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.
О.Оргилох