Дижитал эриний хүүхдүүд их, бага хэмжээгээр дэлгэцийн хамааралтай болсоор байгааг СЭМҮТ-өөс анхааруулсаар буй. Ялангуяа хүүхдийг төрсөн цагаас нь дэлгэцтэй нөхөрлүүлсний нөлөөгөөр хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ амьд харилцаа үүсгэхээ больж, гар утас, таблет, зураг зэрэг амьгүй зүйлстэй ярилцаж эхэлдэг гэнэ. Үзэж, сонсож буй контентууд нь ч ихэвчлэн англи болон бусад хэлээр байдаг тул тэр хэрээр монголоороо бүтэн өгүүлбэрээр харилцах чадвар маш султай, оройтож хэлд орцгоох нь түгээмэл болжээ. Үүнийг хэл ярианы бэрхшээл гэхээсээ илүүтэй дэлгэцийн хамаарал, ганцаардалтай холбон тайлбарлах нь бий.
Бага ангийн сурагч өдөрт дунджаар 3600, түүнээс олон үгийн сантай байх нь хэвийн гэж үздэг. Тэгвэл өдгөө энэ насныхны үгийн сан 1000-аас хэтрэхгүй болсныг Боловсролын яамнаас өчигдөр мэдээлсэн. Тиймээс бага ангийн багш нарын ачаалал улам нэмэгдэж, хэл заслын хичээл давхар орох хэмжээнд хүрээд буй гэх. Салбарын сайд “Хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, цаг үеэ дагаад чадварлаг багш бэлтгэх нь чухал боллоо. Бага ангийн хүүхдүүдийн дунд унших, уншсанаа ойлгох болон бичих чадварын ялгаа улам ихсэж байна. Тиймээс хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд бага ангийн багшийн ур чадварыг дээшлүүлж, сурагчдын хоцрогдлыг арилгана” гэлээ.
О.Ундрах