Монголбанкнаас энэ оны эхний улирлын “Бизнесийн төлөвийн түүвэр судалгаа”-г олон нийтэд танилцууллаа. Энэ нь тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдал, идэвхжил, цаашдын чиг хандлагыг аж ахуйн нэгж, хэрэглэгчдийн хүлээлтэд үндэслэн онолын аргачлалаар үнэлдэг макро эдийн засгийн тайлан юм. Тодруулбал, сүүлийн гурван улирал дараалан буурсан инфляцын хү лээлт энэ улирлаас эргэн нэмэгдсэн нь цаашид уг төрлийн дарамт өсөх хандлагатайг илтгэж байгаа гэжээ. Түүнчлэн бичил болон жижиг, дунд бизнесүүд инфляцын өсөлтөд илүү мэдрэг буйг онцлов. Мөн эдийн засгийн тодорхой бус байдлын үзүү лэлт өмнөх улирлаас 7.4 нэгжээр өссөн нь худалдаа, барилгын салбарын зах зээлийн орчныг эрсдэл бүхий, ойлгомжгүй гэж үзэх болсныг илтгэсэн аж.
Харин Монгол Улсын эдийн засгийн мэдрэмжийн үзүүлэлт өмнөх улирлаас 12.1 нэгжээр буурч, 81 болсноор сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшиндээ хүрлээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн идэвхжил саарч, зах зээлийн төлөвийн талаарх аж ахуйн нэгж, иргэдийн үнэлгээ сул буюу итгэлгүй байгаа аж. Эдийн засгийн мэдрэмжийн үзүүлэлтийг оролцогч талуудын өнгөрсөн гурван сарын захиалга, борлуулалт, барааны нөөц, ирэх гурван сарын үйлдвэрлэл, ажил эрхлэлт зэргийн талаарх хүлээлтийн дунджаар тодорхойлдог. Уг үзүүлэлт 100-аас дээш гарвал эдийн засгийн нөхцөл сайжрах, түүнээс бага бол муудах төлөвийг илэрхийлдэг байна.
Ташрамд дурдахад, “Бизнесийн төлөвийн түү вэр судалгаа”-ны тоог энэ оны дөрөвдүгээр сард цуглуулж, 404 компанийн мэдээлэлд үндэслэн нэгтгэсэн аж. Оролцсон аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэртэй, хүнсний болон хүнсний бус боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, бөөний, жижиглэнгийн худалдааны компаниуд жин дарсан гэнэ.
Д.Хэрлэн