
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрынхан Словени улсын Ойн алба болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэнтэй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэхээр 2024 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Талууд үүний хүрээнд Ойн сургалт, судалгааны төв байгуулахаар уржигдар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна.
Уг төвийг Багануур дүүргийн “Тэмүүлэл” хүүхдийн зусланг түшиглэн байгуулахаар тохиролцсон бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нар, эко клубийн идэвхтэн гишүүд, байгаль орчны салбарын судлаач, мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт, дадлага, эрдэм шинжилгээ, судалгаа хийх боломжтойгоор төлөвлөж, тохижуулах гэнэ. Мөн үүнд тулгуурлан хүүхэд, залууст ой хамгааллын мэдлэг, боловсрол олгох, олон улсын туршлага нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэх, ойжуулалт, нөхөн сэргээлт, мод үржүүлгийн ажлуудыг эрчимжүүлэх суурь баазыг бүрдүүлэхээр төлөвлөжээ.