Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хуралдаанаар 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч буй зарим арга хэмжээний төлөвлөгөө болон Багануурын үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд хэрэгжүүлэх Нүүрс-пиролизын үйлдвэр төслийн явцыг хэлэлцлээ. Улмаар Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол баталж, хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөв.
Ирэх өвлийн бэлтгэлийг хангах хүрээнд 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авах нээлттэй тендер зарлаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 180 мянган тонн нүүрс татан авч эхэлсэн байна. Үүний 120 мянган тонноор нь шахмал түлш үйлдвэрлэн айл өрхүүдийг хангах бол үлдсэн 60 мянган тонныг дулаан, эрчим хүч үйлдвэрлэх байгууллагуудад нийлүүлэх гэнэ. Түүнчлэн Баянгол дүүргийн 872, Чингэлтэйн 4128, нийт 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлээд байгаа аж. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүргийн Баруун, Зүүнсалааны 800 айл өрхийг цахилгаан халаалтад шилжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусжээ. Азийн хөгжлийн банкны JFPR сангийн буцалтгүй тусламжаар 303 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт холбон, карбон кредит тооцох “Цэвэр эрчим хүчний шилжилт” төсөл ч хэрэгжүүлэхээр болсон байна.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Нүүрс-химийн цогцолбор” төслийн хүрээнд Багануурын уурхайг түшиглэн Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулах ажлыг төлөвлөсний дагуу эрчимжүүлж буйгаа тус хорооноос мэдээлсэн. Энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Багануурын хүрэн нүүрсийг гүн боловсруулж, өндөр чанарын хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдэх юм.