
Монгол Улсын нийслэл Улаанбаатарт 2026 оны хоёрдугаар сард нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ олон улсын зөвлөмж болгосон хязгаараас даруй 133 дахин өсөж, аюултай түвшинд хүрснийг Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлээд, байгаль орчны энэхүү хямралт нөхцөл байдалтай тууштай тэмцэж буй монгол эмэгтэйн түүхийг олон улсад онцлон танилцууллаа. Тэр бол “Breathe Mongolia” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр ажилладаг залуу идэвхтэн Б.Энхүүн юм.
Тэрбээр иргэд, олон нийтийг баталгаатай мэдээ, мэдээллээр хангах, агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор 18 настайдаа дээрх төрийн бус байгууллагыг хамтран байгуулснаасаа хойш есөн жил орчмын хугацаанд энэ чиглэлээр идэвхтэй ажиллажээ.
Б.Энхүүн өдгөө Дэлхийн эдийн засгийн форумын Цэвэр агаарын асуудал эрхэлсэн глобал ирээдүйн зөвлөлд гишүүнээр ажиллахын зэрэгцээ байгаль орчин, агаарын бохирдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, монгол хүний амьсгалах, амьд явах эрх, хүний эрхэд суурилсан уур амьсгалын тэмцлийн талаар дуу хоолойгоо бодлого, шийдвэр гаргагчдад тасралтгүй хүргэж байна.
Дэлхийн эдийн засгийн форумаарбайгаль орчны төлөөх түүний зүтгэлийг олон улсад үлгэрлэл болж буйг дурдаад “Агаарын бохирдол нь зөвхөн нэг хотын асуудал биш бөгөөд үүнийг шийдвэрлэхэд залуу үеийнхний оролцоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй”-г онцлов.