
Улаанбаатарчууд улиралдаа багадаа нэг удаа цахилгаан, шатахуун, халуун усаа таслуулдаг болов. Одоо бараг дасаж байх шиг ээ. Өдгөө иргэд бензин авахын тулд хэдэн цаг дугаарлан бухимдаж буй талаараа ярих бол зарим нь “Зүв зүгээр л авчихлаа” хэмээж байна. Түүнчлэн АИ92-ын үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэн нь гал дээр тос нэмсэн шиг л юм боллоо. Энэ сарын эхээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Наадмын амралтаар бензиний хомсдол үүсэхгүй” гэсэн ч шатахуун түгээх станцуудын ачаалал эрс нэмэгдэж, урт дараалал үүссэнийг уншигч та бүхэн санаж буй биз. Түүнчлэн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Энгийн АИ-92 бензин 71 552 тонн буюу 33, АИ-95 нь 3965 тонн буюу 44, дизель түлш 27 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. ОХУ-д үүссэн шатахууны хомсдолын улмаас манай улсад бензин тасалдаж, үнэ өсөх магадлалтай гэсэн нь ташаа, үндэслэлгүй мэдээлэл. Дизель түлшний үнэ харин ч буурахаар буй” хэмээн ярьсныг тухайн үед манай сонин мэдээлж байв. Үүний дараахан Газрын тосны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ч.Хишигдалай “Манай улс хангалттай нөөцтэй. Хомсдолд орохгүй, импорт тасалдахгүй.
Орон нутгийн зарим газар ачаалал 4-5 дахин нэмэгдсэн. Шатахуун түгээх станц (ШТС) сумын төвд 2-3, аймагт 10 байх нь элбэг. Нэг ШТС-д хамгийн ихдээ 30 мянган литр бензин хүргэдэг. Энэ нь ердийн үед тухайн орон нутгийн иргэдийн 1-2 сарын хэрэглээ гэсэн үг. Харин хөдөөг зорих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор өдөртөө л дуусаж байна” гэсэн нь “Өнөөдөр” сонины долоодугаар сарын 20-ны дугаарт бичигдэн үлджээ. Хэрэв бид шатахуун хадгалах хангалттай хэмжээний савтай сан бол ингэж зүдрэхгүй байсан нь үнэн. Албан бус эх сурвалжуудын мэдээллээр дайны хажуугаар дажин гэдэг шиг зарим шатахуун түгээгч компани хөшигний ард бензин өгнө, өгөхгүй гэж албаныхныг шантаажилж буй гэх. Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар шатахууны нөөц, хадгалах савны талаар мэдээлэл өгөхдөө “АИ-92 төрлийн бензиний 17, дизель түлшний 23 хоногийн нөөцтэй. Бид ядаж гурван сарын хэрэглээнийхээ хадгалах савыг барьчихсан бол хомсдолын талаар ярихгүй байсан” гэсэн юм. Манай төрийнхөн шатахууны талаар нэгдсэн бодлогогүй явж ирсний үр дагаврыг иргэд л хүртэж таардаг нь харамсалтай. Эцэст нь шатахуун хомсодсоны буруутан дахиад л олдсонгүй.
Д.ХЭРЛЭН