Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH)-ын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо өчигдөр эхэллээ. Таван өдөр үргэлжлэх тус хуралдаанаар бүс нутаг болон Монгол Улс дахь шүлхийн нөхцөл байдлыг хэлэлцэж, хамтрагч байгууллагуудын илтгэлийг сонсон, цаашдын чиглэлээ тодорхойлох юм. Мөн Монгол Улс 2016 онд гишүүнээр нь элссэн SEACFMD хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг дүгнэж, 2026-2030 оны замын зураглалын тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлохоор төлөвлөжээ. Халдварт өвчний тархалт хурдацтай өөрчлөгдөж буйтай холбогдуулан 16 орны 80 гаруй төлөөлөгч хуралдаж, шүлхий өвчинтэй тэмцэх дэлхийн шинэ стратегийг хэлэлцэж байгаагаараа эл арга хэмжээ чухал ач холбогдолтой.
Өмнө нь бүртгэгдэж байгаагүй бүс нутгуудад шүлхий өвчний SAT-1 хэв шинж (вирусний шинэ төрөл) шинээр тархаж эхэлсэн. Мөн O болон A төрлийн вирусээс гадна SAT-1, SAT-2 гэсэн шинэ эрсдэлтэй төрөл нэмэгдсэн тул хуралдаанд оролцогчид эрсдэлийн үнэлгээ, шуурхай хариу арга хэмжээ, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцож байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, малын ерөнхий эмч, доктор Х.Алтангэрэл хуралдааны зорилгыг тодорхойлохдоо бүс нутгийн улс орнууд хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэх хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахын зэрэгцээ мэдээллийн ил тод байдал, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг онцоллоо.