
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших биологийн төрөл, зүйлийн хувьд өвөрмөц ор¬чинтой, нүүдлийн шувуудын өлгий, коридор болсон Ганга нуурын нийт усны 90 хувь нь одоогоос 10-аад жилийн өмнө ширгэж, устах аюулд ороод байв. Тэгвэл тус нуурыг авран хамгаалах ажлыг үе шаттай хэрэг-жүүлснээр гурван жилийн өмнө дахин сэргэж, 2005 оныхоо усны түвшинд хүрсэн билээ. Гангыг сэргээн хамгаалах цогц ажлыг эдүгээ ч үргэлж¬лүүлж буй бөгөөд хамгийн сүүлд нуур орчмын элсний нүүдлийг зогсоох туршилт амжилттай болж, үр дүнгээ өгснийг Усны газраас мэдээллээ. Тус газрын дарга З.Батбаяр “Алтан овооноос Ганга нуур хүртэлх хоёр км-ийн өргөнтэй хөндийн элс салхины чиглэл даган нүүж, асар ихээр хуримтлагдан нуурын мандлыг бүр¬хэж, ёроолд нь тунаж байгааг судалгаагаар тог¬тоосон.
Тиймээс уг нүүдлийг зогсоож, нууранд орохоос хам¬гаалах, хэдэн км үргэлжлэх хөндийд элсэн манхан үүсэхээс сэргийлэх ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ өм¬нөд хөршийн туршлагыг нэвтрүүлж, шатрын хөлөг хэлбэртэй торон саад байрлуулан, олон наст ургамлын үр цацсан нь сайхан ургаж, нүүдлийг тогтоон барьж чадлаа. Эл аргаар элсний нүүдлийг зогсоох боломжтойг бо¬дитоор харуулж, цаашид гол, нуураа хамгаалах боломж бүрдэв. Нуур хамгаалах ажил нь хүүхэд өсгөхтэй адил тасралтгүй үйл ажиллагаа шаарддаг учир энэ ажлыг үргэлжлүүлнэ” гэлээ. Ганга нуур ширгэсэн нь эх цутгал булгууд үгүй болж элс, шороон шуурганаас үүдэлтэйгээр, мөн олон мянган малын хөлийн бохирдлоос шалтгаалсан байдаг. Иймд молцог элсний болон хагшаасын судалгаа хийж, хашаалан, салхин талд нь 8000 гаруй мод тарьж, хамгаалалтын зурвас байгуулж, ойр орчимд нь бэл¬ чээрийн зориулалттай 10 худаг гаргаж, малчдад хүлээлгэн өгснөөр нуурын экосистем өдгөө сэргээд байна.
М.ГЭГЭЭ