Зарим шатахуун түгээх станц (ШТС) уржигдраас эхлэн АИ-92 бензиний борлуулалтаа зогсоож, зөвхөн АИ-95 худалдах болсныг иргэд шүүмжилсээр байв. Хаанахын ШТС-д түлш хэвийн борлуулж байгаа, аль цэгт нийлүүлэлт тасалдсан, хэзээ хэвийн болох талаарх мэдээлэл хомс тул жолооч нар “азаа үзэн” олон түгээгүүр дамжиж, 3-5 цаг дугаарласны эцэст шатахуун дууссан гэх хариулт сонсож, хоосон буцах нь энгийн үзэгдэл боллоо. Зарим ШТС нэг автомашинд 50 мянган төгрөгөөр л шатахуун авах хязгаарлалт тогтоосон нь иргэдийг ихэд бухимдуулж байна. Гэвч энэ бол ганц, хоёрхон хоногийн асуудал биш. Шатахуун олохын тулд багадаа 2-3 ШТС дамжин хайх, олон цагаар дугаарлан байж арайхийн бензин, түлш авдаг энэ гажуудал хоёр сар гаруйн өмнөөс эхтэй. Шатахууны хомсдол, нийлүүлэлтийн доголдол ийнхүү иргэдийн өдөр тутмын ажил, амьдралд шууд нөлөөлж, цаг хугацаа, санхүүгийн дарамт учруулахаас гадна орон нутагт төлөвлөсөн, олныг хамарсан арга хэмжээнүүдийг ч цуцлахад хүргэв. Гэтэл албаныхан жишим ч үгүй “Улсын хэмжээнд шатахуун тасраагүй, АИ-92-ын 17, дизель түлшний 23 хоногийн нөөцтэй. Түр тасалдсан нь импортын нийлүүлэлт болон агуулахаас түгээх хугацааны зөрүүтэй холбоотой” хэмээн мэдэгдсээр байсан. Агуулахад хангалттай нөөц байгаа юм бол жолооч нар яагаад өдөр бүр 3-4 түгээгүүр “хэсэж”, олон цагаар дугаарлахад хүрч байгаа юм бэ. Уйдсандаа лав биш.
Харамсалтай нь, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрчхээд байхад эл асуултад тодорхой хариулт өгөх төрийн байгууллага алга. Салбарын сайд нь хүртэл “Хөдөө явж байхад нь бензингүй болчихвол хотын түгжрэлд нэмэртэй юм уу даа” хэмээн даапаалж, Засгийн газрын хуралдааны дараа ч тодорхой мэдээлэл өгөлгүй бүгэх аж. Олон нийтийг худал мэдээллээр аргацаан, наадамлаж байх хооронд нь бензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмж, татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлсэн. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар “Монголчууд долоодугаар сард дөрвөн сарын хэрэглээтэй тэнцэх шатахуун хэрэглэсэн” хэмээн бүх бурууг иргэд рүү түвэггүйхэн чихсэн. Урин дулааны улиралд орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэгийг урьдчилан тооцоолж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нь төр болон импортлогчдын үүрэг болохоос хэрэглэгчдийн буруу биш байлтай. Харин өчигдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас “Хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан шатахууны хомсдолд орсон. 30 хоногийн хэрэглээгээ нөхөхийн тулд өдгөө ажиллаж байна.
Шатахууны нөөцийг 10 хоногийн хугацаанд хэвийн болгоно” хэмээн мэдэгдэв. Ингэснээр уржигдархан “Шатахуун тасраагүй, нөөц хангалттай” хэмээн мэлзэж байсан төрийн байгууллагынхан сая нэг бодит байдлыг хүлээн зөвшөөрч, үнэнд гүйцэгдэв бололтой. Тэд өдөр бүр зөрүүтэй мэдээлэл өгч, иргэдийн сэтгэл зүйгээр наадаж байх хооронд импортлогчид асуудал үүссэнийг хүлээн зөвшөөрч эхэллээ. Тухайлбал, “Сод Монгол групп” болон “Шунхлай” компаниас ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү дроноор халдсаны улмаас экспорт буурсан тул дотоодын нийлүүлэлтэд цаашид ч хүндрэл үүсэж болзошгүйг өчигдөр мэдэгдсэн юм. Үнэхээр Ойрх Дорнодын геополитикийн асуудал болон ОХУ-ын шатахууны экспортдоо тонн тутамд 95 ам.доллар нэмсэн шийдвэрээс болж үнэ, хангамжид өөрчлөлт орж байгаа бол төр засаг бодит үнэнтэйгээ эвлэрээд дараагийн шийдэл, алхмаа төлөвлөх ёстой. Иргэдэд түлш, шатахууны нөхцөл байдлын талаар ил тод, үнэн зөв мэдээлэл өгвөл наанадаж олон цаг хий дэмий зам дээр өнгөрөөхгүй сэн.
Э.СҮЙЛЭН