Орхон аймгийнБаян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Эрх чөлөөний өргөн чөлөө-1 хаягт барьж байгаа “Будда вилла” хотхоны захиалагчид орон сууцын ордероо авч чадахгүйд хүрээд байна. Учир нь “Ай ти жи эм” ХХК нь дээрх хаяг дээр 2014 оноос 145 800 ам метр газар эзэмшиж, түүн дээрээ орон сууцын “Парк вью” хотхоныг төлөвлөн, улмаар барилга угсралтын ажлаа эхэлжээ. Гэтэл тус хотхоны төлөвлөсөн газарт “Дизель прогресс” ХХК нь 1700 ам метр газар эзэмших болж, түүн дээрээ хоёр блок 82 айлын 2-5 өрөө 53-109 ам метр орон сууцуудтай “Будда вилла”-г босгосон аж.
Тодруулбал, “Ай ти жи эм” ХХК нь 2014 оноос хойш эзэмшиж хотхон барихаар Орхон аймгийн төлөвлөлтөд оруулж, ажлаа эхлэх үед нь уг төслийн газрын дунд “Дизель прогресс” ХХК нь 1700 ам метр газар эзэмшдэг болоод гарч иржээ. Улмаар, “Дизель прогресс” ХХК нь уг 1700 ам метр газар дээрээ 2024 онд барилга угсралтын ажлыг хийж эхэлсэн байна. Гэтэл тэр үед зураг төсөв нь батлагдаагүй, Орхон аймгийн хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтнууд үүнээс жилийн дараа 2025 онд баталжээ. Тодруулбал, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцын барилгын ерөнхий төлөвлөгөөг Орхон аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хишигжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Соёлмаа, ЭМГын ХШХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар 2025 оны тавдугаар сарын 16-ны АТД-61-0019/25, АТД-61-0020/25 дугаартай архитектурын төлөвлөлтийн даалгавруудыг баталсан. Мөн тус компанийн үйлчилгээтэй орон сууцын барилгын ажлын зөвшөөрлийн БАЭҮЗ-61-0052/25, БАЭҮЗ-61-0053/25 дугаартай гэрчилгээ гаргуулж авчээ.
Маш ноцтой нь, “Дизель прогресс” ХХКийн “Будда вилла” орон сууцын барилгын ерөнхий төлөвлөгөөг Орхон аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хишигжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Соёлмаа, ЭМГ-ын ХШХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар батлахдаа ногоон байгууламжийг нь “Ай ти жи эм” ХХК-ийн эзэмшлийн газар дээр төлөвлөснийг баталсан байгаа юм. Гэтэл хууль дүрмийн дагуу “Дизель прогресс” ХХК нь 1700 ам метр газрынхаа 60 хувьд барилга, байгууламжаа, 40 хувьд ногоон байгууламж төлөвлөх ёстой. Гэтэл Орхон аймгийн дээрх албан тушаалтнууд бусдын эзэмшил газарт ногоон байгууламж, автомашины зогсоол төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөө баталж өгснөөр өдгөө хоёр компанийн дунд зөрчил үүсгэж, энэ нь явсаар “Будда вилла”-д захиалга өгсөн иргэдийн эрхийг зөрчихөд хүрээд байна. Уг нь дээрх албан тушаалтнууд “Будда вилла”-гийн ерөнхий төлөвлөгөөг “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны 06101- А/395/2025 тоот захирамжаар Баян-Өндөр сумын I багийн нутаг дэвсгэрт 1700 ам метр газар олголт, Одон орон геофизикийн хүрээлэнгийн 2017 онд боловсруулсан дэвсгэр зураг, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНБД 30.01.04-ийн зүйл, АТД-74/23- ийг үндэслэн ерөнхий төлөвлөгөөний зургийг гүйцэтгэв. ГХБХБГ-ын 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн АТД-61-0020/25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж гаргав” гэсэн байгаа юм. Гэхдээ уг ерөнхий төлөвлөгөө нь бусдын эзэмшил газар дээр хийгдсэн, үүнийг батлах үед “Дизель прогресс” ХХК аль хэдийн “Будда вилла”- гаа бариад эхэлжээ. Үүнийг нь “Ай ти жи эм” ХХК-ийнхан “Ингэж хууль зөрчиж болохгүй” гэхээр Газрын албаны Г.Буянхүү л гэхэд “Та нар “Дизель прогресс” ХХК-ийнханд уян хатан ханд л даа” гэдэг. Өдгөө “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцын барилгын ерөнхий төлөвлөгөөг тийнхүү батлахдаа албан тушаалдаа хайнга хандаж, 80 гаруй өрх айлыг эрсдэл рүү түлхсэн байж магадгүй асуудлаар тухайн үеийн Орхон аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хишигжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Соёлмаа, ЭМГ-ын ХШХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар АТГ-т шалгуулахаар болж байх шиг байна. Ер нь бол иргэд орон сууцын залиланд өртөхөд гол нөлөөлдөг хүчин зүйл нь тухай орон сууцыг хуулийн дагуу бариулахын тулд хяналт тавьж, зөвшөөрөл өгдөг төрийн захиргааны байгууллагынхан, мөн хууль хяналтын байгууллагуудын буруутай үйл ажиллагаатай шууд холбогддог аж.
Өөрөөр хэлбэл, голдуу Орхон аймагт үйл ажиллагаа явуулж, тэндээ барилга, орон сууц барьдаг “Дизель прогресс” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг тус аймгийн төрийн захиргааны байгууллага, хууль хяналтынхан өөгшүүлээд байгаа нь олон баримт, жишээгээр ил болж байна. Зөвхөн дээрх ерөнхий төлөвлөгөөг баталсан, түүнд хяналт тавилгүй орхисон зэргээс Орхон аймаг дахь төрийн захиргааны байгууллагуудад “төрийн мафи” бий болж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд илтэд хууль бусаар үйлчилж, нөгөөх “Дизель прогресс” ХХК нь даам гарчихсан, харин хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй “гаднын” компанийг дээрэлхдэг тогтолцоо нэгэнт тогтжээ. Үүнд цагдаагийн алба хаагчид нь хүртэл оролцдог. Уг ерөнхий төлөвлөгөөнд “Хоёр блок барилга, барилгажих талбай 1056.6 ам метр, 82 айлын орон сууц, 27 автомашины зогсоол, ил 19 автомашины зогсоол, далд 27 автомашины зогсоол, ногоон байгууламж 573.12 ам метр, автозам 910.77 ам метр, явган хүний зам 797.86 ам метрд хийнэ” гэсэн байна. Гэтэл яг барилгаа уг 1700 ам метр газартаа дүүргэж бариад, ногоон байгууламж, автомашины зогсоол, явган хүний зам зэргээ “Ай ти жи эм” ХХК-ийн эзэмшлийн 3400 ам метр газар дээр хүчээр барьжээ. Уг газар нь “Ай ти жи эм” ХХК-ийн нэр дээрх кадастрын зургаар эзэмших газрынх нь зах тал руугаа тул ийн 3400 ам метр газраас гадна цаана үлдсэн 2000 гаруй ам метр, нийтдээ 6000 орчим ам метр газраа ашиглах боломжгүй болж, үндсэндээ алдчихаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, “Будда вилла”-гийн тагт нь хүртэл “Ай ти жи эм” ХХК-ийн газар луу орчихсон. Тиймээс “Ай ти жи эм” ХХК-ийнхан уг хууль бус үйлдлийг таслан зогсоохоор хамгаалалтын хашаа барьсан байгаа юм. Гэтэл “Дизель прогресс” ХХК-ийнхан шөнөдөө нураачихдаг. Энэ талаар Орхон аймгийн Цагдаагийн газарт хандахаар хэрэг үүсгэхээс татгалздаг. Татгалзсан талаараа тус компанийнханд мэдэгдэлгүй хугацаа хождог. Санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй ийм олон удаагийн үйлдэл Орхон аймгийн төрийн захиргааны ажилтан, албан тушаалтнууд, хууль хяналтынхан, тэр дундаа Цагдаагийн газрын нэр бүхий алба хаагчидтай холбогдож байна. “Ай ти жи эм” ХХК-иас хууль бус үйлдлийн талаар мэдээлэхэд ирсэн алба хаагчид нь “Маргаан шүүхээр шийдэгдэж дуустал та нар ч гэсэн газраа ашиглах хэрэггүй” гэж дарамталдаг. Тиймээс “Ай ти жи эм” ХХКийнхан ЦЕГ, АТГ-аар үнэн мөн хийгээд цаадах учир шалтгааныг олуулахаар шийдсэн байна. Угаасаа ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нь орон сууцын захиалгын залиланд өртсөн иргэдийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах чиглэлээр байгуулсан Засгийн газрын ажлын хэсгийг ахалдаг. Өнгөрсөн долоо хоногт энэ ажлын хэсэг хуралдахад ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд “2024-2026 оны хооронд орон сууцын захиалга нэрээр бусдыг залилсан 2008 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр хэргийн улмаас 3613 иргэн нийт 118.2 тэрбум төгрөгийн хохирол амссан. Одоогоор 282 хэрэг шалгагдаж байгаа. Мөн захиалгын гэрээгээр 2918 иргэнийг 53.3 тэрбум төгрөгөөр хохироосон 114 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хохирлыг барагдуулах хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 35 үл хөдлөх хөрөнгө, 70-90 хувийн гүйцэтгэлтэй дөрвөн блок барилга, 178 айлын амины орон сууц, үйлчилгээний зориулалттай 2974 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хамгаалалтын арга хэмжээ аваад байгаа” гэсэн танилцуулгыг хийжээ. Ер нь бол Улаанбаатарт барилга, орон сууцын залилан хэмээх гэмт хэрэг газар аваад байгаа ч яг ийм кэйс байхгүй. Гарах ч үгүй. Учир нь ямар ч барилгын компани ийм байдлаар газрын дээрэм хийхгүй. Төрийн захиргааны байгууллага нь ч ийм ерөнхий төлөвлөгөө бүхий зургийг батлахгүй. Цагдаагийн байгууллага ч ийм хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэн дэмжиж үйлчлэхгүй. Тов тодорхой нь ийм замналаар босгож худалдаалж буй орон сууцыг Улсын комисс хэзээ ч хүлээж авахгүй. Гэвч “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар хохирогч болж мэдэхээр болоод байна, харамсалтай.
Үргэлжлэл бий…
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ