Төрийн өмчийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр жил бүр нэмэгддэг бичигдээгүй хуультай. Тэгвэл энэ намар ч ялгаагүй, багц цагийн кредитээс шалтгаалж төлбөр нь харилцан адилгүй нэмэгдсэн байна. Тухайлбал, МУИС-д шинээр элсэгсдийн ерөнхий суурь хичээлийн нэг багц цагийн төлбөр 177 мянгаас 203, мэргэжлийнх нь 178 мянгаас 204 мянган төгрөг болсныг оюутнууд хэллээ. I түвшний оюутан ерөнхий эрдмийн хичээлүүдээс дунджаар 30 багц цаг үзнэ гэж тооцвол сургалтын төлбөр нь 6.1-6.2 сая төгрөг болж буй гэнэ. Харин II, III түвшинд суралцаж буй оюутнуудын мэргэжлийн суурь хичээлүүдийн багц цагийн төлбөр өмнөх жилийнхээс 15 000-аар нэмэгдэж, 180-220 мянган төгрөг болсон аж.
ШУТИС-ийн суурь хичээлийн багц цагийн төлбөр ч 209 мянган төгрөг буюу түрүү жилийнхээсээ 19 000-аар дээшилсэн гэнэ. Мөн эрэлттэй зарим мэргэжлээр суралцагчдын багц цагийн төлбөр 218 мянган төгрөг болсон байна. МУБИС, АШУҮИС, ХААИС ч мөн адил, сургалтын багц цагийн төлбөр нь 15-25 мянгаар нэмэгджээ.
М.Гэгээ