Зуслангаасаа гарч болох уу, гэрээсээ ажиллах уу, тэгш үү, сондгой юу, танхимаар хичээллэх юм уу, цахимаар уу гэх мэт асуултад тодорхой хариулт алга. Улаанбаатар хотын иргэд ойд төөрсөн сармагчин лугаа болчихлоо. “Сондгой дугаартай автомашин хөдөлгөөнд оролцох өдөр тэгш тоотойд нь шатахуун олгоно” гэж иргэдийнхээ янзыг үзэх нь эрхтэн, дархтнуудад л хөгжилтэй байх. Хичээлийн шинэ жил хэзээ мөдгүй эхлэх гэж байхад есдүгээр сарын 1-нд танхимаар орох, эсэх нь ч тодорхойгүй өдий хүрэв. Үүний “буруутан” нь COP17 гэх нь халаг байна.
Үнэндээ уг хурлыг Монголд зохион байгуулах тов нэг жилийн өмнө тодорхой болсон шүү дээ. Засгийн газар эртнээс бэлтгэлээ базаахын оронд чаддагаараа хүүхдүүдийн сурах эрхэд халдсан шийдвэр гаргасан. Их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 15-наас танхимаар эхлүүлж, оюутнуудыг тэр болтол хотод хөл тавихыг “хатуу” хориглов.
Гэтэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ” хэмээн өнгөрсөн бямба гарагт мэдээлсэн нь олон нийтэд эргэлзээ төрүүллээ. Учир нь Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хурал зохион байгуулах бүсэд байрлаж буй 73 цэцэрлэг, 60 сургууль есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэсэн ч бэлтгэл ажлаа базаахад дор хаяж 14 хоног шаардлагатайг учирласан. Нэрэн дээрээ хугацаанд нь сургалтын үйл ажиллагааг эхлүүлсэн гэх ч нэдэр дээрээ өөр зүйл яригдах нь. “Поп” сайдын санаархал хөрсөндөө ийн буухгүйг харуулчихлаа. Үүнээс гадна иргэдийн зорчих эрхийг ирэх сарын 12 хүртэл хязгаарласнаа сайдтан мартсан бололтой. Өнөөх үнсэн чөдөр зангидаад өдөр ч биш, шөнө ч биш цагаар, замтай ч биш, замгүй ч биш газраар, хувцастай ч биш, хувцасгүй ч биш ирээрэй” гэдэг үлгэрийн адилаар есдүгээр сарын 1-нд эцэг, эхчүүд хүүхдүүдээ дагуулаад явган ч биш, машинтай ч биш явж, танхимаар ч биш, цахимаар ч биш хичээллэх л үлдэж.
Ч.Цэлмэг