МАН-ынхан хоорондоо 38:30-аараа талцаж, Төрийн ордонд тал талд хэвлэлийн бага хурал хийн, ярилцлага өгч байсан үе давтагдаж эхэлжээ. Тэд хоёр сар үргэлжилсэн түүхэн талцалдаа цэг тавихаар эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, Н.Учралыг намын даргаар сонгон, хоёр бүлэглэлээсээ Засгийн газарт багтаасан нь түр зуурын л хэрэг байж. Өнөөх талцал одоо дахин хүчээ авлаа. Л.Оюун-Эрдэнийн талынхан болох “30-ийн бүлэг” өнгөрсөн долоо хоногт Булган аймагт уулзахдаа ямар сценар боловсруулсныг өнөөдөр улс төрд өрнөж буй үйл явдлаас харж болно. Тэд Засгийн газрыг бүхэлд нь огцруулахаас илүү өөрсдөд нь хамгийн их “гай болдог” Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг замаасаа зайлуулахад төвлөрчээ. Ингэхийн тулд Ерөнхий сайдыг шахаанд оруулахаар “но”-г нь сөхөж, шуугиан дэгдээв. Тэгвэл 38-ын тал нь ч зүгээр хараад суусангүй. Нэр заагаагүй ярианд эмзэглэж, иргэний гэрт очиж ял наймаалцдаг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд хариуцлага тооцохоо Ерөнхий сайд мэдэгдээд байна. Сөрөг хүчний улс төр явж явж энэ тал дээр Н.Учралтай огтлолцох нь.
“ТҮГЖИЛҮҮД”-ЭЭ ТОДРУУЛАВ
Долоо хоногийн хугацаанд гахай дээс томж найзыгаа авардгийн үлгэрийг санагдуулам явдал МАН-ынхны дунд болж өнгөрөв. Үүнд нь АН-ынхан ч оролцоод яваа юм. МАН дахь “30-ийн бүлэг”-ийнхэн Булганд болсон нууц хуралдааны араас Ерөнхий сайд Н.Учралын булхайг дэлгэх ажиллагаа эрчимжсэн. Өнгөрсөн мягмар гарагт болсон Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байх үед О.Саранчулуун гишүүн тарааж өгсөн эксел файл дотроос маш том “баримт” олж илрүүлсэн нь шуугиан тарив. “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрт 50 тэрбум төгрөг хуваарилж, үүнээс 9.8 тэрбумыг нь хувийн сургуулиудын тоног төхөөрөмжийг сайжруулахад зориулна хэмээн тодотголд тусгасан аж. Уг мөнгөнөөс 3.5 тэрбумыг нь “Их засаг кинг” хэмээх сургуульд хуваарилсан хүснэгтийг тэрбээр ил болгожээ. Тэр сургаар нь АН-ын Ц.Мөнхтуяа бас хайсаар олж харснаа лайваар мэдэгдэв. Бас уг баримтыг скрийншот хийж авсан гэнэ. Эмэгтэй гишүүдийн асуулт, шахалтаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир ч хамтран ажиллах хувийн сургуулиудын жагсаалтад дээрх сургууль байгааг бататгасан юм. Тэгмэгц УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга Б.Энхмөнх Төрийн нарийн бичгийн даргын тайлбарыг баримт болгон Эрүүгийн хуулийн зарим заалтыг эш татаж, Ерөнхий сайд Н.Учралыг АТГ-т өглөө. Энэ тухай зараа дуулгаад, АТГ-ын гадаа мэдээлэл хийх үед нь Ерөнхий сайд хамгаалагчидтайгаа очиж таарсан. Өөртэй нь холбоотой ноцтой мэдээлэл гарсан учраас сайн дураараа шалгуулахаар АТГ-ыг зорьсон, тэнд мэдээлэл хийнэ гэдгийг хэвлэлийн албанаас нь сэтгүүлчдэд зарласан байсан л даа. Цагийг нь тулгасан л болохоос. Ингээд тэд “мөргөлдөв”. Б.Энхмөнх бол иргэнийхээ хувиар хандсан юм билээ. Тэрбээр “Ерөнхий сайд төсвийн мөнгөнөөс хувийн сургуульдаа авахаар төлөвлөж байсан нь илэрлээ. Албан тушаалаа өгөөд шалгуул” хэмээгээд Төрийн ордны зүүн хаалганы хажууд суулт зарлаж эхэлсэн.
Тэгвэл Ерөнхий сайд “Манай ээжийн сургууль төртэй хамтран ажиллах ямар ч хүсэлт гаргаагүй. Настай ээж, аавыг минь улстөржилтөд ашиглаж, бүү харлуулаач. Надад, манай гэр бүлд нуух зүйл үгүй. Би тэр сургуульд хувь эзэмшдэггүй. Хэн өгсөн нь ч тодорхойгүй эксел файлыг үндэслэн улс төр хийж, баримтгүй зүйлээр намайг гүтгэлээ” гэсэн тайлбар өгсөн. Өнөөх “хэргийн эзэн” болж хувирсан Төрийн нарийн бичгийн дарга ч сандарч, тайлбараа өөрчлөн “Бид “Их засаг кинг” сургуульд хүсэлт тавьсан ч тэд татгалзсан” гэлээ. Ер нь ийм файл байсан, байгаагүй гэсэн маргаан өрнөв. Өнөөхийг нь зөвхөн О.Саранчулуун, АН-ын Ц.Мөнхтуяа нар л харсан, бусад нь “сэвсэн” аж. Харин Боловсролын сайд Л.Энх-Амгалан гарч ирээд “Тийм ажлын баримт буюу эксел файл байсан нь үнэн. Гэхдээ үүнийг А.Ариунзаяа болон түүний нөхөд буруугаар сэвж, санаатайгаар Монголын төрийг хагалж бутаргахаар оролдлоо. Үүнийг хийж буй бүлэглэлийн гар хөл бол “түгжилмаа” А.Ариунзаяа гишүүн” гэсэн юм. А.Ариунзаяа нь “Тэр файлыг хараагүй. Би ийм файл үүсгээгүй, явуулаагүй, задлаагүй. Тэгээд яагаад би буруутан болдог юм” гэжээ.
Ерөнхий сайдыг тойрсон ийм хэл ам гарч, үнэн худал нь үл мэдэгдэж байх зуурт ХЗДХ-ийн сайд С.Амарсайхантай холбоотой шуугиан дэгдлээ. Нэгэн удган эмэгтэй лайв хийхдээ өөрт нь үзүүлсэн хүмүүсийн зовлон, түүхээс хуваалцсан аж. Ингэхдээ дээрх сайдтай холбоод байдагтай ижил сэдвээр л “Ийм асуудалтай хүмүүс ч ирж байсан” гээд ярьсан байна. Нэр хэлээгүй. Гэтэл өнөөх эмэгтэйг хууль, хүчний байгууллагаас шалгаж, бүр гэрт нь очиж, ял наймаалцах оролдлого хийсэн хэмээн тэрбээр ярьж, бичлэгээ ч цацжээ. Өнөөх албан тушаалтан нь сайдын нэрийн өмнөөс очсоноо хэлсэн гэнэ. Үүнийг нь Ерөнхий сайд олж үзээд Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө ял наймаалцаж болохгүй, хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэн. Уржигдар ШШГЕГ-ын дарга А.Намсаманд мэдээлэл хийж, ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы зүй бус харилцаа, томилгоо, хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичсэн компаниудынх нь өрийн талаар ярилаа.
Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган албан ёсоор эхлэхтэй зэрэгцэн “парламентын зэрэглээ” Л.Оюун-Эрдэнэ гишүүн гарч ирж ярилцлага өгөв. Ердийн үед тэрбээр чуулгандаа бараг суудаггүй. Шууд асуултад огт хариулдаггүй Ерөнхий сайд байсан ч бууснаасаа хойш үе үе гарч ирж, “чулуу шиддэг” болсон билээ. Энэ удаа бүлгийнхээ сайд С.Амарсайханыг өмөөрч, “Тэр гэнэт л муу хүн болчихлоо. Парламент нэг удганы хэрэг шүүдэг түвшинд хүрчхэж. ШШГЕГ-ын дарга нь сайдынхаа эсрэг мэдэгдэл хийж байна гэдэг бол түүнээс дээш албан тушаалтны өгсөн үүргийг гүйцэтгэж буй хэрэг. Үүнийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр зохион байгуулсан байх өндөр магадлалтай” хэмээн шуудхан нэрлэв. Бас таван жил Ерөнхий сайд хийхдээ иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боогдуулж, амьдрах нөхцөлийг дордуулсан, өөрөө авлигын асуудалд холбогдсон учраас огцорсноо ойлгоогүй яваагаа дахин баталлаа. Түүний Засгийн газар “Б.Энхбаяр мэтийн далдаакаас л болж огцорсон” гэв. “Надтай, Г.Занданшатар болон одоо Н.Учралтай хамтран ажиллаж буй зарим сайд, намын удирдлагууд Ерөнхий сайдаа хөөж явуулаад өөрсдөө үлддэг аргаа боль. Энэ удаа Ерөнхий сайд огцорвол тэр хүмүүс бүгд ажлаа өгөх ёстой” гэсэн юм.
Түүний яриа “Засгийн газрыг огцруулаад өөрчлөлт гарахгүй. Гэхдээ огцорвол хуучин сайд нар нь бүгд солигдох ёстой” гэх мэтээр хоёр үзүүртэй байлаа. Б.Энхбаярыг огцруулахгүй бол Н.Учралын танхимыг “хөдөлгөх” нь дараагийн алхам ч юм уу.
Тэгвэлүдээс хойшнь ХЗДХ-ийнсайд С.Амарсайхан тайлбар хийх зар түгээж, сэтгүүлчдийг 45 минут хүлээлгэв. Улмаар тэрбээр өөрийнх нь эсрэг зохион байгуулалттай, цаг хугацаагаа төлөвлөсөн, цуврал гүтгэлэг өрнөж байна гэлээ. Үүний шалтгаан нь цагдаа, ШШГЕГ зэрэг холбогдох байгууллагад бугшсан гэмт хэрэг, булхайг илчлэх, хар тамхитай тэмцэхэд үүний ард байгаа улс төрчид нь “уурласан”-аас үүдсэн аж. Систем, бодлогын өөрчлөлт хийж эхэлсэн учраас түүн рүү ийнхүү дайрч буй улс төрчид, бизнесийнхэн, хууль хүчний байгууллагынхан оролцсон мафийнсүлжээ ажиллаж буй юм байна. Ийм ажиллагааөрнүүлж буй хүнээр Ерөнхий сайд асан Г.Занданшатар, Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаяр нарыг тэрбээр нэрлэсэн юм. Бас яаж зүгээр байх вэ, эсрэг мэдэгдэл хийсэн хүмүүсийн түүхийг “ухаж” үзжээ. ШШГЕГ-ын дарга А.Намсаманд хоригдлуудаар хувийн байшингаа бариулсан, төсвийн мөнгөнөөс 40 сая төгрөг завшсан, Тамгын газрын дарга Б.Нямгомбо нь АТГ-т шалгуулж байгаа, ХЗДХ-ийн сайд ял наймаалцсангэж буй удган Б.Булнайг Г.Занданшатарын ойрын хамаатан гэсэн юм. Цагдаагийнбайгууллагад мөрдлөг авдаг тусгай тоног төхөөрөмжтэй өрөө байдаг атал заавал тэр эмэгтэйн гэрт очсон, “С.Амарсайхан сайд явууллаа” хэмээн байн байн дурдсан зэрэг нь мөн л төлөвлөсөн ажиллагаа гэж үзжээ. Дагаварохинтойгоо суусан зэрэг гэр бүл рүү нь хандсанмэдээллийг ч няцааж, “Гаж донтнууд бусдыгөөрсөд шигээ бодож байна” гээд иргэнийхээ хувиар хууль, цагдаагийн байгууллагад хандсанаахэллээ. Мөн Хууль бус хөрөнгө хураах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт өргөн барихаа илэрхийлэв.
АН-ЫН “БӨӨРӨНХИЙ” УЛС ТӨР
Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Н.Учралыг огцруулахаар гарын үсгээ аль хаврын чуулганы төгсгөлд цуглуулсан ч одоо болтол өргөн бариагүй л байна. Улс төрийн зөвлөлөөс нь “Н.Учралаар өөрөөр нь итгэл үзүүлэх, эсэх асуудлыг нь өргөн бариул, тэгж шахаж ажилла” гэсэн чиглэл өгсөн юм билээ. Тиймээс намрын чуулганы нээлтэд АН-ын гишүүд “Хэрэг наймаалцдаг ХЗДХ-ийн сайдаа огцруул. Итгэл үзүүлэх, эсэх асуудлаа оруулж ир” гэсэн лоозон барьж оролцсон юм. АН-ын дарга О.Цогтгэрэл мөн мэдээлэл хийж, “Ерөнхий сайд асуудлаа оруулж ирэхгүй бол АН-ынхан огцруулах бичгээ өргөн барина” гэв. Эл бичгийн сураг гараад удсан, одоо ахиад л “бөөрөнхийлж” байгаа нь энэ.
Тэд өмнө нь нэг намын дарга парламентын спикер байхыг эсэргүүцсэн улс төр хийж, Н.Учралыг Ерөнхий сайд болгох, улмаар “30-ийн бүлэг”-ээс Засгийн газарт багтаахад хүчин зүтгэсэн. Энэ удаа ч өнөөх бүлэглэлийнхээ шийдвэрийг харзнаад, Ерөнхий сайдыг огцруулах саналаа оруулахгүй “дүлэгнээд” байгаа юм биш үү. Л.Оюун-Эрдэнийн цээжээрээ хамгаалаад буй С.Амарсайханыг огцруулъя гэж буй нь үнэндээ “өнгөлөн далдлалт” байж болно. “30-ийн бүлэг”-т бид дагаар ороогүй шүү гэж харуулах гэж байгаа мэт. Уг нь эрх баригч нам талцаж байгаа бол сөрөг хүчин улс төр хийх нь зүйн хэрэг. Мөн Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдаасаа эхлээд асуудалд нэр холбогдсон учраас тэднийг шалгуулах, улс төрийн хариуцлага тооцох нь ч аливаа сөрөг хүчний хийх л ёстой алхам. Гэхдээ тэд яг цэвэр өөрсдийн хүсэл зоригоор ажиллаж байна уу, МАН доторх сөрөг хүчинтэй хамтарсан уу гэдгийн учиг удахгүй тайлагдана. Өрнөж буй үйл явц АН-ынхан үнэндээ Л.ОюунЭрдэнийн аясыг хараад байна гэсэн хардлага төрүүлж буй. Тус намын генсек С.Баярцогт “Цөөнхөөс болж огцорсон Засгийн газар хаана ч байхгүй” хэмээсэн нь нэгийг хэлнэ. Нам дотроосоо л “түгжилүүд” тодордог, сөрөг хүчин дагуулж үйлдэл хийдэг жишиг бий.
Ямартай ч Н.Учрал танхимаа авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Үүний нэг нь зарим сайдаа солих болж байна. С.Амарсайхан, Б.Энхбаяр нарыг аль алийг нь явуулах уу, “шударга үнэнч” ХЭГ-ын даргаа авч үлдээд, “30-ийн бүлэг”-тэй үргэлжлүүлэн тулах уу.