Улс, аймаг, дүүргийн Нэгдсэн болон төв эмнэлгүүдэд ерөнхий унтуулгын үед хэрэглэдэг мэдээгүйжүүлгийн фентанил тариа тасарч, төлөвлөгөөт мэс заслууд хойшлоод байгаа талаар эмч нар мэдээлж эхэллээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Хонгор энэ талаар анх шүгэл үлээж, хагалгааны дараалал ихээр үүссэнийг нийгмийн сүлжээнд бичсэн байв. Улмаар III шатлалын эмнэлгүүдэд ч нөхцөл байдал ижил, тариаг хангалттай хэмжээнд өгөхгүй, нөөц тасалдсанаас төлөвлөгөөт мэс заслууд зогсоход хүрснийг ч хэлж буй юм. Гэнэтийн осол, яаралтай, аминд тулсан өвчтөнүүдэд л нөөц тариагаа ашиглаж байгаа гэв. Харин бусад төлөвлөгөөт мэс засал хийлгэх заалттай хүмүүсийг фентанил тариаг гаднаас авчирвал эмчилгээ хийх боломжтойг хэлсэн байна. Гэвч уг тариа нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бүлгийнх бөгөөд морфиноос 100 дахин хүчтэй тул эмийн санд зардаггүй, зөвхөн эмнэлгийн нөхцөлд мэс заслын зориулалтаар болон хавдартай өвчтөнүүдийн хөнгөвчлөх эмчилгээнд хэрэглэдэг аж.
Тэгвэл мэдээгүйжүүлгийн энэхүү тариа улсын хэмжээнд тасалдаад хоёр сар орчим болжээ. Эмнэлгүүдээс холбогдох албаныханд тариа яаралтай нийлүүлэх хү сэлт удаа дараа тавьсан ч дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрсэн гэнэ. Энэ байдал цаашид хэдий хугацаанд үргэлжлэх, эсэх нь тодорхойгүй. Эмнэлгүүд байгаа нөөцөө шавхчихвал яаралтай, амь тэнссэн үеийн тусламж, үйлчилгээгээ ч үзүүлэх боломжгүйд хүрнэ. Цаашлаад төлөвлөгөөт хагалгаа хойшилсноос болж өчнөөн хүний ам, эрүүл мэнд эрсдэлд орохоор байна. Гэтэл ЭМЯ-ныхан үүсээд буй асуудлыг зөвхөн Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эм, тарианы худалдан авалт, дотоод зохион байгуулалттай холбоотой гэж мэлзсэн юм.
Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас “Фентанил тарилгын уусмалын хангамжид доголдол үүссэн ч одоогоор нийлүүлэлт тасалдаагүй. Бид үйлдвэрлэгчтэй хамтран шаардлагатай зохицуулалт, арга хэмжээг авч ажиллаж байна” гэж өчигдөр мэдэгдлээ.
О.Ундрах