МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал нам доторх бүлэглэлийнхээ шахаанд дахин ороод байна. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаас С.Амарсайханыг чөлөөлж, оронд нь Г.Тэмүүлэнг томилж буйгаа парламентад танилцуулж, шийдвэрээ баталгаажуулах гэсэн ч чуулганы ирц бүрдсэнгүй. Пүрэв гаргийн өглөө Удирдах зөвлөл нь түүний шийдвэрийг 100 хувь дэмжсэн ч УИХ дахь бүлэг нь ийм эв найртай байсангүй. Сөрөг хүчнийхэн Ерөнхий сайдыг өөрөө итгэл үзүүлэх, эсэх асуудлыг оруулж ирж, парламентаар шийдүүлэх хүртэл нэгдсэн чуулганд оролцохгүй гэсэн аж. АНгүйгээр ирцээ бүрдүүлэх боломж МАН-д бий ч 68 гишүүнээс 44 нь л иржээ. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн “30-ийн бүлэг” ч дотроо хуваагдаж, 10 гаруй гишүүн нь хуралд сууж, “том бүлэг”-ийнхээ талд орсон байна. Хэдий тийм ч парламентын олонх түүний талд хэвээр үлджээ. Тиймээс Н.Учрал огцрох, эсэх нь цаг хугацааны асуудал болж ирлээ.
МАН ДАНГААРАА ИРЦЭЭ БҮРДҮҮЛЖ БАРСАНГҮЙ
Пүрэв гаргийн чуулганд нийт 52 гишүүн цуглаж, гурван цаг гучин минут бусдыгаа хүлээсэн юм. Төгсгөлд нь УИХ-ын дарга ирцийн мэдээ танилцуулж, пүрэв, баасангийн чуулганыг даваа, мягмар гарагт нөхөхөөр хойшлуулж буйгаа дуулгасан. Түүний танилцуулснаас үзэхэд МАН-ын “30-ийн бүлэг”ээс Х.Булгантуяа, Б.Баярбаатар нар өвчтэй, Х.Баасанжаргал, С.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн томилолттой байжээ. Тав нь шалтгаантай гэсэн үг. Харин Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Л.Оюун-Эрдэнэ, О.Батнайрамдал, С.Амарсайхан, А.Ариунзаяа, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Ц.Идэрбат, Б.Тулга, М.Ганхүлэг, Ж.Ганбаатар, Н.Алтаншагай нарын 13 гишүүн тасалжээ. Эл бүлгээс Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, М.Мандхай, Л.Мөнхбаатар, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, Б.Уянга, С.Зулпхар, Ч.Номин, Г.Тэмүүлэн, Л.Соронзонболд нарын 12 хүн хуралдаа суусан гэсэн үг. Л.Оюун-Эрдэнийн “улаан хамгаалагчид” ийнхүү “урваж” эхэлсэн байх нь. Тэгвэл 38-ын талаас ажилдаа ирдэггүйгээрээ алдартай С.Лүндэг тасалжээ. Мөн хэд хэдэн гишүүн томилолттой байсан юм билээ.
АН-ынхан чуулганд суухгүй гэсэн ч Д.Ганбат гишүүн ганцаараа ирчхээд “Сөрөг хүчнээс нэг ч хүн ирцэд орсонгүй” гэж хэлсэн УИХ-ын даргад “Би харагдахгүй байна уу” хэмээн асуусан юм. АН-д мэндэлсэн “Ардчилсан сэргэлт” хэмээх холбооныхон хурлаа хийгээд, түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн юм билээ. Нам доторх сунгаандаа оролцоно гэсэн үг. Тиймээс Д.Ганбат гишүүн “араа бодоод” чуулганы хуралд ганцаар очоод суусан бололтой.
Л.Оюун-Эрдэнэтэй эрх ашиг нэг болсноо ил тод зарлаж буй учраас Үндэсний эвслийн гишүүд Н.Номтойбаярыгаа дагаад чуулганд мөн оролцоогүй юм. ИЗНН-аас экс Ерөнхий сайдын “үнэнч цэрэг” М.Нарантуяа-Нара нь чөлөө авчээ. Харин намын дарга Б.Батбаатар хурлаа тасалж, нөгөө хоёр нь чуулгандаа суусан. ХҮН намын наймаас зургаа нь ажилдаа иржээ. Дарга Т.Доржханд нь томилолттой, Б.Мөнхсоёл чөлөөтэй гэж бүртгүүлсэн байна.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 7.1-т заасны дагуу хуралдааныг гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцдог. Энэ бол 63-аас дээш гишүүн ирж байж ирц бүрдэнэ гэсэн үг. Гэтэл пүрэв гаргийн чуулганд 52 хүн ирж, 41.3 хувийн ирцтэй байсан билээ. Хэдийгээр нөгөө талаас 12 гишүүн орсон ч “38ын бүлэг”-ээс зургаан хүн нь дутуу тул Засгийн газарт хамтарсан ХҮН намынхнаа нэмээд ч МАН-ын хүч хүрсэнгүй. Тиймээс баасан гарагт биш, шууд даваа хүртэл хуралдааныг хойшлуулж, тэр зуурт нь томилолтоор явсан хүмүүс нь ирнэ, Л.Оюун-Эрдэнэд тунаж үлдсэн хэдэн гишүүнтэй “тулж ярина” гэж шийдсэн бололтой.
42+18+4+1=65
АН-ын бүлгийнхэн хоёр шаардлага тавьсан юм. ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулж, Ерөнхий сайд Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх, эсэхийг томилсон парламентаасаа асууж, шийдүүл гэсэн. Засгийн газрын тэргүүн эхний шаардлагыг нь биелүүлж, буруу булхайд нэр холбогдсон сайдаа “хөөлөө”. Ингээд дараагийн хүнээр нь “30-ийн бүлэг”-ээс Г.Тэмүүлэнг оруулж ирэв. Гэтэл АНынхан барьцаа ахиулж, “Итгэл үзүүлэх, эсэх асуудлаа өөрөө оруулж иртэл чуулганд суухгүй” хэмээн ирцээр бойкотлов. Н.Учрал өөртөө итгээд байгаа учраас яасан гэж тийм алхам хийх билээ. Харин АН-ын дарга О.Цогтгэрэл “Чуулганы ирцээс харахад УИХ дахь МАН-ын бүлэг нь түүнд итгэхгүй байна. Тэгэхээр өөрийг нь томилсон парламентаас итгэл үзүүлэх, үгүйг асуух ёстой” гэж буй.
Сөрөг хүчнийхэн өмнө нь ч “Нэг намын дарга УИХ-ыг удирдах ёсгүй” гэсэн улс төрийн акц хийж, Л.Оюун-Эрдэнэтэй хүч хавсран Г.Занданшатарыг сольсон удаатай. Энэ удаа ч “үнэнч албат”-ын үүргээ ахин гүйцэтгэж байна. Н.Учралын бүлэгт нөгөө талаас нь 12 хүн нэгдэж, тэд илүү олонх болсныг бид чуулганы ирцээс харлаа. Гэвч тэгээд ч Засгийн газраа хамгаалж үлдэхэд хүч нь хүрэхгүй. МАН-ын 50 дээр ХҮН намын найм, ИЗНН-ын гурвыг нэмээд 61 хүн болно. ИЗНН-ын М.Нарантуяа-Нара “эзэн”-ээсээ урваагүй болов уу. Гэтэл Л.ОюунЭрдэнэ хэдийгээр 12 гишүүнээ олонхын талд алдсан ч түүнд сөрөг хүчний 42 гишүүн байна. “30-ийн бүлэг”-ээс тунаж үлдсэн 18 дээр АН-ын 42, Үндэсний эвслийн дөрөв, ИЗНН-ын Нараг нэмэхээр 65 хүн болж, олонхыг бүрдүүлчхэж байгаа юм. Үндсэн хуулийн 43.1-т “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал парламент гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” хэмээн заасан байдаг. АН-ынхан хэдийн 41 гишүүнийхээ гарын үсгийг цуглуулсан. Ч.Лодойсамбуу гишүүн үүнд гарын үсэг зураагүй, зурахгүй гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ Засгийн газарт итгэл үзүүлэх тухайд намаас нь шийдвэр гаргасан учир дагана гэж буй. Тиймээс огцруулах саналыг дэмжих 65 гишүүн бүрдэв. Ийм нөхцөлд Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх, эсэхийг асууж, хавх руу үсрэхгүй нь мэдээж. Тэгэхээр АН-ынхан хавраас хойш ярьсан огцруулах саналаа өргөн барьж, Л.Оюун-Эрдэнэ ба Үндэсний эвслийнхэнтэй хамтран олонхыг бүрдүүлэх нь.
Ингэснээр Ардчилсан холбоо эвслийн жилд нэг Засгийн газар сольж асан түүхийг эвдэнэ гэсэн үг. 1996-2000 онд ардчилсан үзэл баримтлалтай гурван намаас бүрдсэн эвсэл сонгуульд ялсан юм. Тэд хоорондоо талцаж, Засгийн газраа дөрвөн удаа сольсон байдаг. Хамгийн богино ажилласан Ерөнхий сайдын хугацаа долоон сар байсан бол уртдаа хоёр жил орчим болсон түүхтэй. Харин МАН парламентын 54 хувийг дангаар бүрдүүлж буй нам атлаа хоёр жилийн дотор гурван Засгийн газар хэдийн сольчхоод байна. Одоо Н.Учралын буюу дөрөв дэх танхимаа огцруулах нь цаг хугацааны л асуудал боллоо. Нэг нам дийлэнх олонхыг бүрдүүлсэн атлаа эв эвдрэлцэн, хөлөө жийлцсэн ийм түүх харин манай улсад үгүй.
Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн уг нь МАН доторх цөөнхийн бүлэгт хамаардаг. Гэтэл бү лэглэлийнх нь квотыг л дотор нь сольж байхад Л.Оюун-Эрдэнэ яагаад эсэргүүцнэ вэ. Г.Тэмүүлэн харьцангуй төвийг сахидаг учраас С.Амарсайхан шиг өөрийнх нь талд ичгүүргүй ажиллаж чадахгүй гэж голов уу. Эсвэл угаас Н.Учралын Засгийн газрыг унагаж, өөрөө “эзэн суух” илүү том эрх ашиг түүнд бий биз. Тэгээд ч нөхцөл нь хэдийн бүрдчихлээ. АН-ынхан харин эндээс яг юу хожих нь сонин. Сонгууль болоход жил гаруйхны хугацаа үлдсэн байхад тэд Засгийн газарт орно гэж “тэнэгтэхгүй” баймаар. Сайн ажиллаж чадахгүй байгаа Засгийн газарт хариуцлага тооцох сөрөг хүчний улс төр гэж харж болох ч эдгээр алхам нь үргэлж экс Ерөнхий сайдын талд ашигтай тусаад буй нь хардлага төрүүлнэ. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн танхимд хамтарч “тархиа базуулж” явсан үеэсээ АНынхан салж чадаагүй аж.
Энэ долоо хоногт Засгийн газар ХЗДХ-ийн шинэ сайд томилох бус, бүрэлдэхүүнээрээ огцрох, эсэхээ шийдэх нь. Танил үйл явдал өрнөж байна. Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг сольж, ХҮН намын Б.Найдалааг томилох гэж байх үед дээр дурдсан улс төрийн акц сөрөг хүчний тусламжтайгаар эрчимжиж, улмаар Н.Учралыг УИХ-ын даргаас нь чөлөөлж, Ерөнхий сайд болгосон юм. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатар шахаанд орж огцорсон. Нэг сайдыг нь солих нэрээр “дэгээ” тавьж, улмаар Засгийн газрыг бү рэн бүрэлдэхүүнээр нь огцруулдаг арга барилыг АН болон МАН доторх цөөнхийн бүлэг бараг “төгсрүүлэх” нь.