Мөнх цас, мөсөн гол, цэвдэг хайлах үзэгдэл дэлхий дахинд эрчимжиж, үүнээс үүдэлтэй байгалийн аюул, гамшиг хаа сайгүй нүүрлэх болсон билээ. Хамгийн сүүлд гэхэд Хималайн нурууны мөсөн гол хайлснаас үүдэлтэй томоохон үер Балба, Төвөдийн хилийн бүсэд болж, их хэмжээний хохирол учруулсан. Тэгвэл манай улсад ч сүүлийн жилүүдэд мөстөл, цэвдэг эрчимтэй хайлж буйг судлаачид тодорхой баримт, судалгаатайгаар анхааруулсаар байна.
Тухайлбал, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн Хэнтийн уулсын цэвдэгтэй бүсэд энэ сард өрөмдлөг хийхэд 20 жилийн өмнө байсан цэвдэг нь ор мөргүй устаж, үгүй болсон байжээ. Судлаачид тухайн бүсэд хяналт мониторинг хийхээр ажиглалтын станц байгуулсан аж. Түүнчлэн Багануур дүүрэгт байгуулсан станцын ойролцоох цэвдэгтэй бүсэд өрөмдлөг хийхэд мөн ижил явдал тохиосон гэнэ. Тус газарт байсан олон жижиг гол, горхи ширгэснийг нутгийн иргэд энэ үеэр судлаачдад хэлсэн аж. Эл хүрээлэнгийнхэн инженер, геологийн ажлын хүрээнд 2012 онд өрөмдлөг, судалгаа хийсэн газартаа урт хугацааны мониторингийн цэг байгуулахаар өнөө жил “ухахад” хөрсний гүн дэх мөстлөгийн түвшин нь илт доошилсон байжээ.
Евразийн цэвдгийн мониторингийн сүлжээ байгуулах зорилтын хүрээнд 2023 оноос хойш бий болгосон 12 станцын ойролцоо өрөмдлөг хийж, цооног гаргах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх явцад ийм үр дүн гарсныг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, дэд профессор А.Саруулзаяа хуваалцаад “Цэвдэг гэсэж, алдарч дуусвал бид усгүй болно. Үүнээс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авахгүй бол цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын дулаарал эрчимжих олон эрсдэлтэй нүүр тулна” хэмээн сэрэмжлүүллээ.
Н.Мишээл