Хүний нууц, эмзэг мэдээлэл манай улсад ямар ч хамгаалалтгүй, хүрэхэд л хагарах хөөсөн бөмбөлөг шиг болжээ. Угтаа хүний хувийн нууцыг хамгаалах, задруулахгүй байх хууль, эрх зүйн орчин манайд бий. Харамсалтай нь, хуулийг уландаа гишгэгчид цахим орчинд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Нэг л өглөө сэрэхэд таны хувийн нууц мэдээлэл олон нийтэд тарчихсан, бүр ор тас гүтгэсэн байж ч мэдэх нөхцөлд бид амьдарч байгаа нь гаслантай.
Саяхан л гэхэд зүрхний мэс засал хийлгэхээр гадаад улсыг зорьсон ээж, охин хоёрыг тэмбүүтэй байсан гэх мэдээлэл цахим орчинд тархсаныг уншигчид санаж буй биз. Эл асуудал ч маргаан дагуулж, шүүх, хяналтын байгууллага шалгах бололтой. Мөн хэд хоногийн өмнө Нико Клаус гэх хүн урлагийн нэр бүхий хүмүүсийг ХДХВ/ ДОХ-той хэмээн сошиалд түгээсэн. “ДОХтой хүмүүсийн нэрийн жагсаалт надад бий” гэж ярьсан түүний бичлэг олны анхаарал татаж, нийгэмд талцал үүсгээд буй. Тэрбээр Монголд амьдардаггүй, Германы иргэн бөгөөд 2019 онд залилах гэмт хэрэг үйлдэж, эрэн сурвалжлагдаж байсан тухай зарим мэдээллийн хэрэгсэлд дурджээ. “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсад эрэн сурвалжлахаар зарласан жагсаалтын 90 дүгээрт түүний нэр бичигдсэн аж.
Тэр этгээдийн түгээсэн мэдээлэл үнэн, худал, эсэхээс үл шалтгаалан ДОХ-той хэмээн “цоллуулсан” хүмүүсийг хэдийн цахим орчинд “шонд өлгөчихлөө”. Үүний нөгөө талд хувь хүний нууцыг амны зоргоороо ярьж, хувийн нууц мэдээлэл задруулсан этгээдэд хариуцлага тооцохыг иргэд шаардаж буй. “Халдварт өвчтэй байх, эсэх нь тухайн хүний эрх. Үнэн, худлыг заавал батлах албагүй” гэж үзэж буйгаа зарим нь илэрхийлжээ. Нэр дурдагдсан хүмүүс ч эхнээсээ үүнийг үгүйсгэж, худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсэж буйгаа сошиалд мэдэгдсэн юм.
ҮНЭН, ЭСЭХЭЭС ҮЛ ХАМААРЧ ХАРИУЦЛАГА ТООЦНО
Манай улс 2022 оны тавдугаар сарын 1-нээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг дагаж мөрдөж буй. Үүнд хүний хувийн болон эмзэг мэдээллийн зааг ялгаа, хариуцлагын талаар тодорхой заасан байдаг. Тус хуулийн 4.1.12-т “Хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг хүний эмзэг мэдээлэл” гэж тодорхойлжээ. Үүн дотроо эрүүл мэндийн мэдээлэл гэж хүний бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд болон тусламж, үйлчилгээ авсан тухайг хамаатуулсан байна. Өөрөөр хэлбэл, эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаардаг. Тэгвэл эрүүл мэнд, банк зэрэг улсын болон хувийн өмчийн байгууллагууд бидний хувийн болон эмзэг мэдээллийг цуглуулж, боловсруулж, зарим тохиолдолд түгээдэг. Ингэхдээ төрийн байгууллагынхан мэдээллийг тухайн хүний зөвшөөрөл, хуульд заасан үндэслэлээр цуглуулж, боловсруулж, ашиглах эрхтэй. Харин хуульд зааснаас бусад тохиолдолд хувь хүний нууцыг задруулах нь зөрчил, цаашлаад гэмт хэрэг юм.
Энэ талаар хуульч Л.Галбаатараас тодруулахад “Хувь хүний нууцыг задруулах гэмт хэрэг болон зөрчил гэж тогтоохын тулд задруулсан мэдээлэл нь бодитой, үнэн (тухайн хүний бодит нууц) байх шаардлагатай. Учир нь нууц гэдэг бодит байдалд оршин байгаа, тухайн хүнд хамааралтай, бусдад ил болоогүй мэдээллийг хэлнэ. Хэрэв тухайн хүн үнэхээр тийм өвчингүй бөгөөд зохиож бичсэн бол энэ нь “нууц задруулсан” явдал болохгүй, харин худал мэдээлэл тараасан буюу гүтгэсэн үйлдэл. Хувь хүний эрүүл мэнд, өвчин, эмгэгийн тухай мэдээлэл нь Хувь хүний мэдээлэл хамгаалах болон Эрүүл мэндийн тухай хуулиар тусгайлан хамгаалагдсан эмзэг, нууц мэдээлэлд тооцогддог. Хэрэв мэдээлэл үнэн буюу тухайн хүн үнэхээр өвчтэй бөгөөд тэрийг нь зөвшөөрөлгүйгээр цахим орчинд олон нийтэд задруулсан бол Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл “Хувь хүний нууцыг задруулах”, эсвэл Зөрчлийн тухай хуулийн 6.27 “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчих” заалтаар хариуцлага хүлээнэ. Задруулсан мэдээлэл нь худал бол тухайн ор үндэслэлгүй, худал мэдээллийг цахим орчинд тархааж, хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж байгаатайхолбоотойзохицуулалтүйлчилдэг. Тодруулбал, Иргэний хуульд зааснаар иргэн өөрийн нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээллийг тараасан этгээдээс үүнийгээ няцаахыг шаардах эрхтэй. Цахим орчинд нийтэлсэн пост, сэтгэгдлийг устгуулах, няцаалгах, тийнхүү худал мэдээлэл тараасны улмаас учирсан эдийн болон сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд гомдол гаргах боломжтой” гэв. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн эмзэг мэдээллийг түгээсэн этгээд энэ нь үнэн, худлаас үл шалтгаалан хуулийн хариуцлага хүлээх нь байна.
Эрүүгийн хуульд “Хувь хүний нууцад халдах”,“Хувь хүний нууцыг задруулах” гэмт хэргийг тус тус хуульчилсан. Прокурорын байгууллагаас 2025 онд “Хувь хүний нууцад халдах” 13, “Хувь хүний нууцыг задруулах” 16 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Харин энэ оны есдүгээр сарын байдлаар дээрх зүйл заалтаар 20 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Хувь хүний нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол 450 мянгаас 5.4 сая төгрөгөөр торгох, эсвэл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэлтэй. Үүнийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн, эрх бүхий албан тушаалтан хууль зөрчиж үйлдсэн бол илүү хүнд ял оноодог. Харин хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүй задруулсан бол 1.3-10 сая төгрөгөөр торгох, зургаан сараас хоёр жил хорих, хүндрүүлэх нөхцөлтэй бол 4-27 сая хүртэл төгрөгөөр торгох, үгүй бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял ногдуулах хуулийн заалт бий.
ӨВЧТӨНИЙ МЭДЭЭЛЭЛ ЗАДРУУЛСАН ХЭРГИЙГ ЗӨНД НЬ ОРХИЖЭЭ
Хууль, шүүхийн байгууллагаас гадна хүний эрхийг хамгаалах, зөвлөгөө өгөх, албан шаардлага хүргүүлэх эрхтэй байгууллага нь Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК). Тус газарт хүний нэр төрд үндэслэлгүйгээр халдсан гэх гомдол жилд 30 гаруй ирдэг байна. Энэ талаар ХЭҮК-ын Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Өнгөрсөн онд хувийн нууц задруулсан гэх агуулгатай 36 гомдол ирсэн. Сүүлийн гурван жилд энэ чиглэлээр 100 орчим гомдол, мэдээлэл шалгасан байна. Манайхаас гадна цагдаагийн байгууллагад иргэд гомдол гаргадаг учир үүнийг улсын хэмжээний дүн гэж ойлгож болохгүй. Хүний эмзэг мэдээллийг задруулах нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл, үнэн зөв, эсэхээс үл хамаарч хүний эрүүл мэндийн нууцыг олон нийтэд задруулах нь гэмт хэрэг юм. Үүнийг цагдаагийн байгууллагынхан шалгах ёстой. Манайд хандсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг бид цагдаагийн байгууллагад шилжүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Монголчууд цахим сүлжээ өргөн ашиглаж буйтай холбоотойгоор тролл хаягаас хүний нэр төрд халдах, үндэслэлгүйгээр гүтгэх асуудал цөөнгүй гарч байна. Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичиг явуулж, зарим мэдээллийг устгуулсан тохиолдол ч бий. Тухайлбал, тэрхүү мэдээлэл нь олон нийтийн цахим сүлжээнд байснаар дахин хүний эрх зөрчиж болзошгүй тул устгуулсан. Харин олон нийтэд цацагдсан сүүлийн хоёр кэйсийн тухайд манайд албан ёсоор гомдол гаргаагүй” гэв.
2024 онд “Интермед” эмнэлэг цахимхалдлагад өртөж, үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан хэрэг гарсан. Тухайн үед УИХ-ынзаримгишүүн, олнытанил хүмүүсийг ч бэлгийн замын халдварт өвчтэй хэмээж байв. Нийгэмд үүсэж буй хүний эрхийн зөрчлийн асуудлаар гомдол гаргаагүй ч зарим тохиолдолд ХЭҮК бүртгэж авч шалгадаг байна. Үүний дагуу дээрх үйлдлийг хүний эмзэг мэдээлэл задруулсан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзэж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн ч эрүүгийн хэрэг үүсгээгүй гэнэ. Учир нь, хуурамч аккаунт, тролл хаяг их байсан учир эх сурвалж тодорхойгүй хэмээн үйлчлүүлэгчдийн эмзэг мэдээлэл тараасан хэргийг зөнд нь орхиж, буруутай этгээдийг олж тогтоогоогүй аж.
ЭХЭЭС ХҮҮХДЭД ХАЛДВАР ДАМЖААГҮЙ ГЭВ
Олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээллийн мөрөөр Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс мэдэгдэл гаргасан билээ. Нэр бүхий иргэдийг ХДХВ/ ДОХ-ын халдвартай, иймхүүхэд төрсөн гэсэн нь үндэслэлгүй, хүний нэр төрд санаатайгаар халдсан, хуурамч мэдээлэл болохыг дурдсан юм. Монгол Улсад ХДХВ-ний халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 451 хүн өвчилсөн байна. Энэ онд гэхэд ХДХВ-ний 24 шинэ тохиолдол оношлогджээ. Халдварын улмаас нийт 73 хүн нас барсан бөгөөд гадаад улсад 40 иргэн амьдарч байгаа аж. Халдвартай хүмүүсийн 322 нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад байдаг, тогтмол үзлэг, шинжилгээ, эмчилгээнд хамрагдаж буйг онцолсон юм. Хувь хүний нууцын тухай хууль тогтоомжийн дагуу эдгээр хүний эрүүл мэндийн талаарх мэдээлэл нууцлалын өндөр зэрэглэлтэй, хамгаалагдсан байдгийг ч тодотгосон. Мөн тусламж үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллага, эмч, мэргэжилтнүүд нууцлалын гэрээ байгуулж ажилладаг гэнэ. Халдварын 99.7 хувь нь бэлгийн замаар дамжсан бөгөөд 20 эмэгтэйгээс 36 хүүхэд мэндэлсэн байна. Тэдгээрээс 15 нь давтан төрсөн, эхээс хүүхдэд дамжсан тохиолдол бүртгэгдээгүйг ХӨСҮТ-ийнхөн албан ёсоор мэдээлсэн юм.
Эцэст нь манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвартай 450 гаруй хүн байгааг албаныхан нотоллоо. Харин тэд хэн болох нь хэнд ч хүртээлгүй. Хувь хүний нууц, хуулиар хамгаалсан эрүүл мэндийн эмзэг мэдээллийг ийн эрээ цээргүй, дэлгэж, давуу байдлаа ашиглан хүний нэр төрд халдах нь зөрчил, гэмт хэрэг болохыг дахин сануулахад илүүдэхгүй биз. Энэ нь нийтийн мэдээлэл биш, нууцлах нь хүний үндсэн эрх билээ.