
Монгол Улсын 2027 оны төсвийг УИХ баасан гарагт хуулийн хугацаанд нь багтаан баталлаа. Үүний араас Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн хүсэлтээр ажлаа өгч буйгаа мэдэгдэв. Улсын төсвөө баталсны дараа Засгийн газарт халаа сэлгээ хийнэ гэсэн яриа ийнхүү баталгаажиж байна. Н.Учралын танхим байгуулагдаад найман сар орчим болж буй ч байнга л огцрох эрсдэл дунд яваа. Сөрөг хүчнийхэн өнгөрсөн тавдугаар сард
Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлага тавьсан. Цэргийн ангиудад эрүү шүүлт, дэглэлт хэвээр, байлдагчдын амь эрсдэж буй тул салбарын сайдад улс төрийн хариуцлага тооцох ёстой гэж үзсэн юм. Шаардлагыг нь хүлээж аваагүй учраас АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж буйгаа хаврын чуулганы төгсгөлд мэдэгдсэн.
Гэхдээ эл саналаар анхнаасаа зөвхөн “сүрдүүлэх” зорилготой байсан нь харагдаж буй. Учир нь сөрөг хүчнийхэн Засгийн газарт хамтарч 5-8 сайдын квот авах тухай мэдээлэл тархаж, үүнтэй залгаад Н.Учрал МАН доторх “30-ийн бүлэг”-тээ зарим шаардлагад буулт хийж байгаа аж. Хагас жилийн өмнө сөрөг хүчнээс тавьсан шаардлагыг үл тоож байсан Ерөнхий сайд зургаан сарын дараа биелүүлж буйгаас харахад АН ахиад л Л.Оюун-Эрдэнийн “нохойд барьдаг мод” болжээ.
“ЗОЛИОС”
Д.Батлут мэдэгдэлдээ “Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа” гэжээ. Тэрбээр албан тушаал, эрх ямбаа хадгалах гэж хагас жил гүрийсэн ч Засгийн газрынхаа тогтвортой байдлын төлөө аргагүйн эрхэнд “өөрөө ажлаа өгч” буй нь энэ. Н.Учрал түүнийг авч үлдэж чадна гэж тооцож байв. Мөн зургаан сарын дотор олон ч хувилбар ярьж, цөөнгүй тохиролцоо хөшигний ард хийсэн биз.
АН-ынхан Батлан хамгаалахын сайдаас гадна иргэнтэй ял наймаалцах оролдлого хийсэн ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулах ёстой гэж үзсэн юм. Ерөнхий сайд сүүлийнх нь шаардлагыг ажил хэрэг болгосон ч Д.Батлутыг явуулахыг хүсээгүй. Гэвч эдүгээ түүнийг “золиослох” уу, танхимаараа огцрох уу гэсэн сонголтод тулж ирэв. Ингээд түүнд шахалт үзүүлсэн нь мэдээж. Тэрбээр өөрийгөө “Хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүн төвтэй байх зарчим баримталж ажилласан” гэжээ. Мөр зэрэгцэн ажилласан сайд нар нь түүнд “сайн” үнэлгээ өгсөн байна лээ. Харин олон нийт үүнтэй санал хэр нийлэх бол. Хүндээ ойр ажиллах зарчимтай байсан юм бол эх орноо хамгаалахаар цэргийн албанд мордсон залуус яагаад амиа алдсаар, эрүүл мэндээрээ хохирсоор байв, тэнд буй эрүү шүүлт, дэглэлтийг зогсоохын төлөө юу хийв гэдгээр нь л үнэлэх учиртай. Тэгэхээр тэр лав араас нь харамсахаар, сайн ажилласан сайд байсангүй.
ХОЁР ТАЛЫН ДАРАМТ
Тэгвэл яг юу болоод өнгөрөв. Ерөнхий сайд Н.Учрал нам доторх “30-ийн бүлэг”-ийн дарамт, сөрөг хүчний сүрдүүлгийн дунд хавчуулагдсан цаг хугацааг ардаа орхижээ. Түүний Засгийн газарт МАН доторх цөөнх буюу дээрх бүлэг таван сайдын квоттой. Л.Оюун-Эрдэнийн багийнхны хамаг буруу булхайг хаацаалах үүрэгтэй байсан С.Амарсайхан нь өөрийн муугаас болж огцрох замаа бэлдсэн. Ерөнхий сайд сөрөг хүчин, иргэдээ сонсохоос аргагүй. Тиймээс түүний оронд мөн л “30-ийн бүлэг”-ээс Г.Тэмүүлэнг томилсон. Гэвч бүлэглэлийн удирдагчид сэтгэл дундуур үлдэв. Тиймээс тэд намрын чуулган эхлэхийн өмнөх амралтын өдрүүдэд Булганд уулзаж, улс төрийн ямар акц хийхээ ярилцсан байна. Үүний дагуу Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Энхбаярыг огцруулахыг шахсан гэдэг. Тэрбээр Д.Амарбаясгалангийн “нүүрсний хэрэг”-ийг ил болгосон нэгэн. Эл бүлэглэлийн нэг “толгой” Х.Нямбаатар Канадаас долоо хоног бүр сенсацтай лайв хийж байна. Үеэлүүд эдүгээ Б.Энхбаяр сайдыг “могой” хэмээн цоллож, лайв, постоор харилцан булхайгаа дуудалцаж буй. Харин Ерөнхий сайд “баруун гар”-аа хамгаалсан юм. Тэгмэгц Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон гишүүн А.Ариунзаяа нарын хувь улс төрчийн жижиг маргаанаар шалтаглан намрын чуулганыг хоёр долоо хоногийн турш ирцээр бойкотолсон билээ. Улмаар Боловсролын сайдыг уучлал гуй гэсэн, сүүлдээ огцруулахыг шаардсан юм. Шалтгаан биш, шалтаг байсан учраас энэ акц нь нэг их газар авсангүй. Ардуураа өөр тохиролцоо ч хийсэн биз, ямартай ч тэд ирцээ бүрдүүлж эхэлсэн. Гэтэл аравдугаар сарын сүүлчээр гишүүн М.Энхцэцэг Эрчим хүчний сайд Б.Найдалааг огцруулахаар гарын үсэг цуглуулж буйгаа мэдэгдлээ. Тэр бас л “30-ийн бүлэг”-ийнх. Ийнхүү тэд цуврал акц өрнүүлсээр байна.
Нөгөө талд АН-ынхан Н.Учралын Засгийн газарт хариуцлага тооцно, 41 хүн гарын үсэг зурсан гэсээр хагас жил боллоо. Огцруулах саналаа УИХ-д оруулж ирсэнгүй. Оронд нь тус намын хэсэг гишүүн Засгийн газарт багтаж, сайдын суудалд тухлахаар санаархаж эхэлжээ. 180 хэм эргэсэн өөрчлөлт шүү дээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан, Э.Одбаяр тэргүүтэй “Женко”-гийн талынхан Ерөнхийлөгчтэй уг асуудлаар уулзсан тухай бид мэдээлсэн. Сөрөг хүчин доторх дээрх фракцынхан ийм сонирхол, шахалтаа илэрхийлээд буй нь Н.Учралд цочроо өгөх алхам байсан бололтой. Эрх баригчид жил гаруйхны дараа иргэдээр дүнгээ тавиулах гэж байхад АН-ынхан урдуур нь гүйж очиж, хариуцлага, алдаанаас нь хуваалцах утгагүй. Тус намынханд ямар ч ашиггүй шийдэл байх болно. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “2024 оны сонгуулийн дараах хамтралд ч би эсрэг байр суурьтай байсан. Бид цөөнхийн үүргээ гүйцэтгэж, сөрөг хүчний ажлаа хийх ёстой. МАН засагласан жилүүдэд хяналт тавьж харуулах учиртай. Одоо АН-ынхан Засгийн газарт хамтарна гэсэн яриаг МАН-ын зүгээс шидэж байна, манай нам дотор ийм зүйл яриагүй. Би хувьдаа хэзээ ч ийм байх боломжгүй гэж үзэж буй. Энэ бол урвалт. Хэрэв АН-ынхан Засгийн газарт хамтрах алхам хийвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг МАН-д бэлэглэж байна. 2028 оны сонгуулиар дэмжигчдийнхээ итгэлийг хар зах дээр арилжиж буй, увайгүй үйлдэл л гэж үзнэ” хэмээжээ.
Ямартай ч АН-ын зарим гишүүн Н.Учралыг огцор, эсвэл хамтар гэсэн эрс тэс зүйлээр шахав. Тиймээс Ерөнхий сайд хагас жилийн өмнөх рүү буцаж, Д.Батлутыг огцруулах сөрөг хүчний эхний шаардлагыг хүлээн авч байна. Ингэж Засгийн газрыг огцруулах тухай сөрөг хүчний “сум”-ыг хаах нь. Үнэндээ энэ “сум”-ыг МАН дахь “30-ийн бүлэг” АН-аар дамжуулан тавьжээ гэсэн үг. Учир нь Д.Батлут ажлаа өгсний араас гарч буй мэдээллүүдийг ажиглавал Ардчилсан намын А үсэг ч сонсогдохгүй байна. Оронд нь МАН-ын доторх бүлэглэлүүд хоорондоо тохиролцож, зарим сайдыг сэлгэх, солих яриа өрнүүлж эхэллээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын улс төрийн акцад АН-ынхан оролцож, “хар ажил”-ыг нь хийсээр ирсний ээлжит нэг жишээ энэ.
МАН-ЫН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ГОРИЛОГЧИД
Засгийн газрын гишүүнээ томилж, чөлөөлөх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Хуульд ингэж заасан, гаднаа тэгж харагддаг ч нам доторх бүлэглэлүүдийн эрх ашиг, нөлөө, дарамт гээд олон зүйл асуудлыг шийддэг. Одоо Д.Батлутын оронд Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярыг томилох нь. Түүний сулрах албан тушаалд хэн очих талаар ч тохиролцоо хийж байна. Юуны өмнө Н.Учрал танхимдаа өөрийн 38-ын талаас хүч нэмэхийг хүснэ. Тиймээс Б.Чойжилсүрэнг буцаан авчирч мэдэх гэнэ. Түүнд мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар гэдэг илүү дээр хувилбар бий. Харин нөгөө талаас гишүүн Ж.Ганбаатар, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ нараа зүтгүүлж буй аж. Зөвхөн Тэргүүн шадар бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаас
“Насаа уртасгах” халаа сэлгээгадна өөр ч сул суудал гарч мэдэх нь.
ХҮН намыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргаж, МАН дангаараа танхимаа бүрдүүлэх нэг хувилбар байгаа гэнэ. Ингэснээр Үндэсний эвслийн ганц сайдыг ч “хална” гэсэн үг. Гурван квот сулрах тул Л.Оюун-Эрдэнэ нарын зүгээс М.Энхцэцэг, П.Сайнзориг, М.Мандхай, А.Ариунзаяа, Л.Мөнхбаатар нараа нэмж санал болгож байна. Б.Найдалааг огцруулах санаачилгынх нь ард М.Энхцэцэг гишүүн өөрөө тэр суудалд тухлах сонирхолтой байгааг үгүйсгэхгүй. Олонхынх нь хувьд Б.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Х.Ганхуяг тэргүүтэн жагсаалтад орж ирж болзошгүй гэнэ. Намыг нь Засгийн газраас “хөөнө” гэвэл Т.Доржханд жинхэнэ сөрөг хүчин болж харуулна гээд буй, тэр дуугүй байхгүй нь мэдээж.
“Элэгдсэн дугуй” шиг Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн нарт МАН үнэхээр хайртай, эсвэл насан туршийн өртэй бололтой. Ямар нэгэн албан тушаал сулрах бүрд л хэдхэн улс төрчийн дунд эргэлддэг. Тэгээд тэднийг томилдог. Эрчим хүчний сайдаар хоёр жил гаруйн турш ажиллахдаа идэр есийн хүйтнээр Улаанбаатарыг хөлдөөх шахсан хүнийг Тэргүүн шадар сайдаар тавивал Н.Учралд өөрт нь халтай. Байнга л огцруулах сануулга авдаг, бүтэхгүй сайд асан шүү дээ. Ж.Энхбаяр өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Эдийн засаг, хөгжлийн сайдыг хийж чадахгүй байгаа учраас ийнхүү цэвэрхнээр “зайлуулж” буй ч юм уу. “30-ийн бүлэг”-ийн зарим горилогчоос бусад нь сайдаар ажиллаж үзсэн хүмүүс юм.
Ерөнхий сайд танхимаа байгуулахдаа Г.Занданшатарын үеийн 10 сайдыг улираан үлдээсэн. Эдгээрээс С.Амарсайхан, Д.Батлут нараа ийнхүү үдэж байна. Түүнээс өөр хүн нэмж солих, холих, эсэх нь энэ долоо хоногт илүү тодорхой болох биз ээ. Ямартай ч Н.Учрал танхимынхаа насыг уртасгахын тулд янз бүрийн л хувилбар бодож, элдэв тохиролцоо хийж байна. Үр дүнд нь түүний Засгийн газар хэдий хүртэл тэсэх бол.