
“Оюутолгой” компани “Хасу мегаватт”, “Редпаф Монгол”-ын хамтарсан “Даян контракт майнинг”-тай гүний уурхайн бүтээн байгуулалтын болон туслах үйлчилгээний гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу Оюутолгойн уурхай дахь хоёр, тавдугаар босоо амын нэвтрэлтийн ажлыг гүйцэтгэх гэнэ. Босоо амуудын нийт гүн нь 1178, 1284 метр аж.
Хоёрдугаар босоо ам нь 10 метр диаметртэй агаад дэлхийд хамгийн томд тооцогдох юм байна. Тэгвэл агааржуулалтын зориулалттай тавдугаар босоо ам нь 6.7 метр диаметртэй байх гэнэ. Түүнчлэн дээрх гэрээгээр гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлчилгээний ажил буюу хөндлөн, том хэмжээний ухалт, малталт хийхээр болжээ.
Бас үндэсний чадварлаг боловсон хүчнээр хангах, мэргэшүүлэх үйлчилгээ үзүүлэх гэнэ. Оюутолгойн гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Уг гэрээ нь гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж буй үеийн нэг томоохон үйл явдал бөгөөд үндэсний ханган нийлүүлэлтийн сүлжээг өргөтгөн, дотоодын чадварлаг ажиллах хүчнийг нэмэгдүүлэх хариуцлагаа бататгаж байгаа хэрэг” гэжээ.