Монголын хүүхдийн спортын VIII наадам өндөрлөж, спортын төрөлд бүрд шилдгүүдээ тодрууллаа. Тус наадмын шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргийн нийт 6120 тамирчин спортын 31 төрөлд өрсөлдөв. 30 багаас нийлбэр дүнгээр Хан-Уул дүүргийн баг 36 алт, 27 мөнгө, 26 хүрэл медальтай тэргүүн байрт шалгарч, Сүхбаатар (66 медаль), Чингэлтэй (59 медаль) дүүргийн баг удаалсан. Орон нутгаас ирж оролцсон багуудаас Орхон аймгийнхан тус бүр 15 алт, мөнгө, 55 хүрэл медальтай түрүүлж, дүүргүүдээс Хан-Уулын баг 89 медальтай тэргүүлсэн юм. Тус наадмын урьдчилсан шатанд 30 багийн 9-17 насныхны 15 000 гаруй тамирчин хамрагджээ. Энэ удаа хамгийн олон медалийг Хан-Уул дүүргээс усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Э.Эрхэс (10 медаль) гардсан байна. Тэрбээр Монголын усанд сэлэлтийн тамирчдаас хамгийн залуу ОУХМ цолтон. Залуучуудын Азийн АШТ-ээс өнгөрсөн жил мөнгөн медаль хүртэж, Малайзад болсон олон улсын тэмцээнээс ДАШТ-д оролцох эрх өвөртөлсөн билээ. Дотооддоо усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн долоон дээд амжилтыг эзэмшдэг тэрбээр өмнөх наадмаас 13 алтан медаль хүртэж байв.