Манай улсад ирдэг жуулчдын анхаарлыг ихээр татдаг “Хүрээ цам-Даншиг наадам” шашин, соёлын наадмыг Нийслэлийн иргэдийн баяртай хамтатган энэ сарын сүүлчээр зохион байгуулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Нийслэлийн өдрийг 1994 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын 29-нд тэмдэглэж ирсэн. Энэ үеэр цаг агаар хүйтэрсэн байдаг тул иргэд уг өдрийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд төдийлөн хамрагдаж чаддаггүй гэнэ. Үүнээс үүдэн Засгийн газар хотын иргэдийн баярыг зуны дэлгэр цагт тэмдэглэж байхаар шийдвэрлэж, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдэд Нийслэлийн иргэдийн баяр болгон тэмдэглэхээр тогтсон. Мөн сүүлийн 10 гаруй жил наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөрт зохион байгуулж ирсэн “Хүрээ цам-Даншиг”наадмыг үүнтэй хамтатган тэмдэглэхээр шийдсэн байна. Тэгвэл Нийслэлийн иргэдийн анхдугаар баярыг энэ сарын 28, 29-нд Хүй долоон худагт тэмдэглэх нь. Энэ үеэр эрийн гурван наадам зохион байгуулна. Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, буриад болон өвөрмонгол бөхөд 64 хүчтэн зодоглох аж. Шагайн харвааг энэ жил анх удаа Даншиг наадмын хөтөлбөрт багтааснаараа онцлогтой. Эрийн гурван наадмын бай шагналыг улсын баяр наадмынхаас өндөр байлгахаар төсөвлөжээ.
Ц.Цэнд