Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, 45 түрүүлсэн дээд амжилтын эзэн Хакүхо М.Даваажаргал Японы Токио хотод хэвлэлийн бага хурал өчигдөр хийлгэн, сэтгүүлчдийн асуултад хариулт өгч, цаашдын зорилгынхоо тухай ярьсан байна. Тэрбээр Сүмо бөхийн холбооноос албан ёсоор гарч буйгаа мэдэгдээд, дэлхий дахинд сүмо бөхийг хөгжүүлэх төслөө танилцуулж, энэхүү төслийг хэрэгжүүлэх шинэ компанийн төлөөлөгч болсноо зарлажээ. Эцэст нь холбооноос гарах болсон шалтгаанаа “Миягино” дэвжээ өнгөрсөн жилийн гуравдугаар сард хаагдаад нэг жилийг үдлээ. Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн гуравдугаар сард хуралдсан ч тус дэвжээг хэзээ нээх талаар тодорхой зүйл хэлээгүй. Энэ бол холбооноос гарах болсон гол шалтгаан байлаа. Өнгөрсөн жил шавь нар маань нэг галын Ошима ояката, Кёкүтэнхо Н.Цэвэгнямын дэвжээнд шилжих хүсэлтэй байсан ч ижилхэн монгол оякатагийн дэвжээнд болохгүй гэж холбооноос ярьж болиулсан. Есөн шавь өөр дэвжээнд очихыг хүсэхгүй байна гээд спортоо орхиж, зодог тайлсан. Бүтэн нэг жил өнгөрсөн ч тус дэвжээг нээх яриа өөрчлөгдөж ирсэн. Зуны тэмцээний дундуур арваннэгдүгээр сард дэвжээг дахин нээх тухай яриа гарсан ч албан ёсны шийдвэр гараагүй. Холбооны өнгөрсөн жилийн яриа энэ жил зөрүүтэй байлаа. Харамсах зүйл байхгүй. Цаашдаа сүмог олимпын хөтөлбөрт орно гэж найдан, хичээн зүтгэнэ” хэмээн тайлбарлажээ.