Монгол-Саха нийгэмлэг болон ОХУын Саха Якут улсын Соёл, оюуны хөгжлийн болон Гадаад харилцааны яам, “Симэх” гар урлалын үндэсний төв, урчуудын нэгдлийнхэн хамтран “Морь шүтлэг” тусгай үзэсгэлэнг Үндэсний музейн танхимд олны хүртээл болголоо.
Энэ сарын 12 хүртэл толилуулах эл үзэсгэлэнгээс адууны дэл сүүлээр нэхсэн уран хатгамал, гоёл чимэглэл болон модны хальсаар хийсэн хээ угалз, аяга, хундага, сүүний сав, айргийн хул зэрэг өвөрмөц хийц бүхий 70 гаруй бүтээлийг тольдох боломжтой юм байна. Мөн энэ үеэр сүлжмэлийн ахисан түвшний хичээлд сууж, гар урчуудтай танилцах боломжтой гэнэ. Якутууд эрт үеэс адууны дэл, сүүл хялгасаар гэр ахуйн эдлэл хэрэгсэл, хувцас болон гоёл чимэглэлийн зүйлс хийж ирсэн ард түмэн. Энэ нь тэдний соёлын үнэт өв бөгөөд адуугаа дээдэлж, хүндэтгэж буйн илэрхийлэл болдог аж.
У.Цэцэг