Олонд түгсэн яриагаар бол дэлхийд хамгийн томд ордог, зарж үрчихвэл эдийн засгийн сүйрэл болох төдийгүй дайн байлдаанд ч хүргэж мэдэх Ямаситагийн алт гээчийг эрж хайх ажил Филиппинд үргэлжилж байна. Бүтэн хагас жилийн дотор олзны араас улайрагчид газрын гүн рүү 80 метр ухаад юу ч олсонгүй, гэлээ ч цагдаа нарын үгэнд оролгүй ухсаар байгаа юм. Цөхөхдөө нэг нь “Ерөнхийлөгч Дутертег дууд, тэр л биднийг зогсоож чадна” гэж хэлж байжээ.
Филиппинчүүд ер нь олзонд дуртай юм гэнэ. 200 жилийн өмнө тэд Хятадын домогт далайн дээрэмчин Лимахонгийн эрдэнэсийг зүүдэлж байж. Дараа нь испаничуудтай тулалдаж байсан босогчдын олзыг хайх ажилд ханцуй шамлан оров. Гэвч өнгөрсөн цаг үеийн бүх эрдэнэс баялаг Японы эзэнт улсын алтны дэргэд өнгө нь бүдгэрч байлаа. Энэ алт ХХ зууны хоёрдугаар хагаст хүмүүсийн толгойн өвчин болж байв. Чухам түүнийг л Филиппинийн Илоило мужид эрээд буй юм байна.
Дэлхийн II дайны үед Азийн талыг Япон эзлээд цөлмөж байв. Ам дамжсан яриагаар бол уг алт эрдэнэсийг Сингапурт авчраад, тэндээсээ Филиппин рүү зөөсөн аж. Энэ ажлыг японы цэргийн дарга Томоюки Ямасита удирджээ. Алд эрдэнэсийг агуйд нуусан байна. Ажил дуусмагц түүнд оролцсон барилгачид, инженер, хамгаалагч бүгдийг агуй дотор булахыг Ямасита тушаажээ. Ийнхүү уг алт руу очих замыг мэдэх бүх хүн газар дор булшлагдав. Түүхчид болохоор Ямаситагийн алт гэх яриаг үлгэр домог, ер нь л үнэнээс хол зүйл гэж үздэг байна. Гэтэл эрдэнэс хайгчдын итгэл алдрахгүй, дэлхийн өнцөг булан бүрээс Филиппинийг зорино. Тэр хүмүүс дэлхийн II дайны үеийн хамгаалалт бэхлэлттэй газрыг худалдан авч, төрийн ажилтнуудаас дэмжлэг хүлээж, ажилчид хөлсөлнө. Заримдаа хүнд техник ч хөлсөөр ашиглана. Тэд хэдэн арав, зуун тэрбум ам.долларын хөрөнгө зарахаас ч буцахгүй. Японы үйлдвэрлэгч, дайны жилүүдэд Филиппинд Америкийн цэргийн штабт алба хааж байсан Минорү Фүкүмицү 1953 онд уг алтыг хайжээ. Ямаситагийн удирдлага дор тулалдаж явсан 300 хүнийг хөлсөлж зургаан сарын хугацаанд эзэн хааны армийн мөрөөр мөшгөж, Токио, Вашингтон, Манилад архив ухуулав. Ер юу ч, ийм алт эрдэнэс байсныг нотлох зүйл ч олсонгүй. Фүкүмицү буцаж ирээд “Ямар ч эрдэнэс байхгүй” гэж хөмсөг зангидан хэлсэн гэдэг.
Гэлээ ч эрдэнэсийн талаар дуулдах байнгын мэдээлэл үүнд итгэхэд саад болж байв. Манила хотоос 800 километр зайд услалтын систем дээр ажиллаж байсан бульдозерчин эр 1981 онд олон сая ам.доллароор үнэлэгдэх үнэт зүйл, эдлэл бүхий хайрцаг олжээ. Ёроолд нь шар өнгийн металлын гулуузууд харагдах усаар дүүрсэн агуйд авсан дүрс 2017 онд интернетэд цацагдав. Үүнийг үзсэн хүмүүс яаж зүгээр суух вэ дээ, шалгаад үзсэн чинь голын ёроолд ухсан нүх байв. Түүний дотор голдоо нүхтэй зүрхэн хэлбэрийн хоёр метр биет байв гэнэ. Тэр нүх нь хүний гар бүхэлдээ ороод явчихаар гүнзгий.
Ямаситагийн эрдэнэсийг аль хэдийн олсон хэмээн сэжиглэдэг хүн цөөнгүй. Чухам хэн олоо бол? Зохиолч Стерлинг Сигрейв болохоор Америкийн цэргүүд 1945 онд түүнийг нууцаар АНУ-д аваачсан. Тэнд аваачаад ЗХУ-тай үүсгэсэн хүйтэн дайныг санхүүжүүлэхэд хэрэглэсэн “Хар бүргэдийн” нууц сангийн эхийг тавьсан гэж үздэг ч үүнийг шалгах, нотлох боломжгүй юм.
Энэ олзны ядаж нэгээхэн хэсгийг ч гэсэн авчих боломж Японд байжээ. Живсэн онгоцнуудын сэгийг гаргаж устгах ажил хийдэг япон хүмүүс 1950-иад онд Филиппинд ажиллаж байжээ. Филиппиний түүхч Рико Хосе “Манилын усан буудалд хөлөг онгоц зорчиход тэдгээр сэг саад болоод байсан юм. Одоо болохоор тэдгээр хөлөг онгоц дотор юу байсныг япончууд мэдэж л байсан байж таарна гэх сэжиг төрдөг юм” гэсэн тайлбар хэлсэн байдаг. Ямаситагийн алтыг Филиппиний Багио хотын жирийн засварчин Рогелио Рохас олсон гэдэг гурав дахь таамаглал ч байдаг аж. Тэрбээр эрдэнэсийг хадгалж байгаад, 1970-аад онд тус улсыг захирч байсан Фердинанд Маркос хожим нь авсан байх магадлалтай.
Газар доорх нүх рүү орох хаалгыг Рогелио Рохас долоон сар ухаж байж олжээ. Тэрбээр дотогш орж, газар дээр хөглөрөх винтов, жад зэргийг дэнгийн гэрэлд олж харав. Дараа нь самуурайн сэлэм, Японы эзэн хааны армийн хувцастай хүний хэлхээ яс ч байх нь үзэгдэв. Танил хүмүүсийнхээ ярианаас Ямаситагийн эрдэнэсийг Рохас сонирхох болсон байна. Эхнийх нь болох дайны үед Японы генералд хэлмэрч хийж байсан филиппин эр Эусибио Окубо алт, мөнгө хийсэн хайрцагнуудыг өөрийн нүдээр харсан байв. Нөгөөг нь Футюгами гэдэг. Эцэг нь Японы армид алба хааж байсан, эрдэнэсийн талаар мэднэ, бүр зураг үлдээсэн гэж ярина.
Рохас олзыг олж авахаар шийдэж, санаа нэгтэй хүмүүс цуглуулж, улсаас зөвшөөрөл аваад 1971 оны эхээр Багио хотын эмнэлэг дор байх япончуудын малтсан нүхийг ухаж эхлэв. Нэг хоолойд нь гурван метр гүнзгий, бетондсон хөндийд толгойгүй Будда бурхны алтан дүрс байлаа. Түүнээс 15 метр зайд бас нэг хөндий байсан бөгөөд дотор нь алтан гулуузууд гялтганах хайрцгууд ч харагдаж.
Тэр бүхнийг нэг удаагийн оролдлогоор гадагш гаргах боломжгүй. Рохас 24 алтан гулууз, Буддагийн дүрсийг эхэлж гаргахаар шийдэв. Бурхан нэг тонноос доошгүй жинтэй тул 12 хүн өргөв. Олзоо зарж, олсон мөнгөөрөө шинэ экспедиц зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж, буцаад ирэхээс нь өмнө агуйг ухуулчихгүйн тулд түүн рүү орох нүхийг дэлбэлж бөглөв.
Нэг шөнө Рохасын гэрт зэвсэгтэй хүмүүс дайран орж ирлээ. Тэд Будда, алтан гулуузууд, самурайн сэлэм, тэр ч бүү хэл, хүүхэд мөнгө цуглуулдаг гахайн дүрсийг хүртэл бүгдийг нь аваад арилж өгөв. Тэдгээр дээрэмчид дунд Филиппиний нууц цагдаагийн албаны дарга, Ерөнхийлөгч Фердинанд Маркосын ойрын хамтран зүтгэгч генерал Фабиан Вер байсныг Рохас хожим нь мэдсэн байна. Болсон явдлыг сэтгүүлчид болон сөрөг хүчний улс төрчдөд ярьсны дараа Рохасыг энгийн хувцастай хүмүүс баривчлаад, Сан-Фернандо хотын цагдаагийн газар аваачаад тамласан ч тэр бүхнийг тэвчин өнгөрөөгөөд эрдэнэсийг хаана нууснаа хэлсэнгүй. Байцаалт хэдэн цаг зочид буудалд үргэлжилж, Рохасыг ухаан алдтал нь тамлан зовоов. Хоёр долоо хоноход Рохас зугтаж чадаад хэрхэн тамлуулснаа Сенатын гишүүдэд ярьж өгчээ. 1972 оны зун түүнийг дахин баривчилж, шоронд суулгав. Рохас хоёр жилийн дараа суллагдлаа. Нууцыг тэрбээр задлаагүй ч тус болсонгүй. Маркосын хүмүүс Японы алтыг олчихжээ. Багио хотын эмнэлгийн ойролцоох хонгил руу Рохасыг ирэхэд цэргүүд бүсэлчихсэн, газар дор ажил ид буцалж байх нь тэр.
1975 оны долоодугаар сарын эхээр Америкийн бизнесмен Роберт Кертисийг генерал Фабиан Вер цэргийн оршуулгын газар аваачаад толгойд нь буу тулгаж “Уучлаарай Боб, чи сайн нөхөр, гэлээ ч би ингэхээс өөр арга алга” гэж хэлэхэд Кертис хажууд нь байх шинэхэн ухаж бэлтгэсэн нүхийг хараад түүнийг өөрт нь зориулсныг ойлгожээ. Түүний энэ удаагийн явдал суудал ингэж төгсөнө гэж тэр бодож байсангүй.
Түүнийг Ерөнхийлөгч Маркос 1974 онд Филиппинд урьжээ. Энэ хүн металлургийн талаар зохих мэдлэгтэй, Японы эрдэнэс нуусан 172 газрыг олоход нь Маркост тусалсан аж. АНУ-д болсон шүүхийн хуралд тэрбээр тангараг өргөөд мэдүүлэг өгөхдөө, ийм баялгийг шууд зарах нь олон улсын эдийн засгийг сүйтгэх юм уу, дэлхийн III дайныг ч эхлүүлэх эрсдэлтэй гэж Ерөнхийлөгч Маркос үзэж байсныг хэлсэн байдаг.
Кертисийн үнэлгээгээр 1975 онд Филиппиний эрх баригчид тухайн үеийн ханшаар 14 тэрбум ам.долларын алт, үнэт зүйлс олзолсон байна. Манилын усан буудалд живсэн Японы “На Ти” хөлөг онгоцноос зургаан тэрбум ам.долларын эд зүйлс бас гаргаж авчээ. Өнөөгийн ханшаар энэ бүхэн 44 тэрбум ам.доллартой тэнцэх юм.
Фердинанд Маркос хэмээх өршөөлгүй дарангуйлагчийг 1986 онд Хавайн аралд нуугдахад Америкийн эрх баригчид тусалсан байна. Маркос зугтахаар эртнээс бэлтгэж, хөрөнгө хогшлынхоо үлэмж хэсгийг гадагш нь гаргачихсан байжээ. Эдний гэр бүл Хавай руу үнэт зүйл, эрдэнийн чулуугаар өнгөлсөн нэг метр орчим өндөр алтан баримал зэргийг хийсэн 300 хайрцаг авч явсан гэдэг. Маркосын бэлэвсэн гэргий Имельда нөхөр нь Ямаситагийн эрдэнэсийг өөрийн болгосныг 1992 онд нотолсон гэдэг. Энэ хатагтай сүүлд Манил хотын захирагч байсан хүнд “Филиппинийн өрийг дарахад Японы алтыг зарцуулах хүсэл байвч ямар нэг “хэт их гүрэн” саад хийгээд байна” гэж хэлжээ.
Маркосыг Филиппинээс зугтмагц шинэ Засгийн газартай нь Кертис хэлэлцээр хийгээд XVI зууны эцсээр барьж босгосон Манил хотын нэгэн хуучин байшинд малталт хийх зөвшөөрөл 1988 онд авчээ. Япон эзлээд байх үед энд Филиппинийн хоригдлуудыг тамладаг, сайтар хамгаалагдсан шорон байж. Вьетнамд байлдаж явсан Америкийн тусгай албаны ажилтан Чарльз Макдугалд гэгч хайгуулын ажлыг удирдаж, Кертис өөрөө “сүүдэрт” байхыг илүүд үзэв. Эрдэнэс ер хажууханд нь байгаа гэдэгт Макдугалд эргэлзэхгүй байлаа. Ажил дажгүй явж байтал Америкийн огцорсон генерал, ТТГ-ыг үндэслэгчдийн нэг, нууцаар зэвсэг наймаалж, хууль бус зэвсэгт бүлэглэлийг санхүүжүүлэхэд хувь нэмэр оруулж явсан Жон Синглауб алт эрдэнэсийг бас сонирхох болжээ. Тэгээд 209 цэгт зэрэг малтлага хийх зөвшөөрлийг Филиппиний эрх баригчдаас авчхав. Түүний үзсэнээр Ардын шинэ армийн маоист босогчдын эзэлж аваад байгаа газарт Японы алтны зарим хэсэг байж. Өмнө нь эрдэнэс хайгчдад байгаагүй шинэ техникийг Синглаубын хүмүүс ашиглав. Нэг жилийн дараа зарим амжилт олсноо тэрбээр зарлаж, хэд хэдэн эрдэнэс оллоо. Алтан гулуузууд ч... гэж хэлжээ. Гэвч хэт баруунтнуудтай холбоо сүлбээтэй ажилласнаас эхэлсэн ажлыг нь гүйцээлгэлгүй түүнийг Филиппинээс явуулав.
Ийнхүү эрэл хайгуул америкчуудын оролцоогүйгээр үргэлжилжээ. Филиппинд тулалдаж явсан япон цэргийн хүү 1993 онд Лусон арлын эргээс 21 метр гүнээс цагаан алт гэмээр хоёр тонн метал олж гаргаж ирээд, олонд зарлалгүйгээр нутгийн хүнд хадгалуулав. Энэ нь Ямаситагийн эрдэнэсийн нэг хэсэг мөн байсан бөгөөд хагас тэрбум ам.доллароор үнэлэгдэх эд байв.
...Ямаситагийн эрдэнэсийг хайх нь улам бүр аюултай ажил болсоор байв. 2002 онд түүнийг хайгсад тэсрэх бөмбөгтэй тулгарч нэг хүн амиа алдаж, дөрөв нь шархдав. 2010 онд гурван хүн нас барж, 2016 онд гурван иргэн усанд живэв. Сүүлдээ зурхайч, үзмэрч гэх хүмүүсийн үгэнд алт хайгчид итгэх болжээ. 2015 онд өвөөгийнхөө зүүдэнд итгэсэн ах, дүү гурав хэдэн сар газар ухаж, зургаан метрийн гүнд хорт хийгээр амьсгалж өөд болов...
Р.Жаргалант