Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Д.Дэмбэрэлсайхан 40 сумнаас 38 онож Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн юм. Тэрбээр өмнө нь 2016 оны наадмаар өөрт нь сур харвааны эрдэм заасан улсын гарамгай харваач Х.Баасанхүү багшийнхаа хүү, улсын мэргэн Б.Ёндонтой оноо тэнцэж товх харван түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангасан юм.Тухайн жил үзэгчдийг огшоож, суудлаас нь бостол өндөлзүүлэн шинэ мэргэн төрсөн нь тэрбээр байлаа. Сурын алтан зурхайд амжилттай цэц сорьж, нутгийнхаа зон олны магнайг тэнийлгэдэг түүнтэй ярилцлаа.
-Хотол олноороо баясан цэнгэдэг наадмын өдрүүд дөхөж байна бөх уяач, үндэсний сур харваачид тун удахгүй бэлтгэлээ эхлэх нь.
-Монгол түмний хүсэн хүлээдэг хамгийн сайхан баяр бол эрийн гурван наадам. Орхон аймгийн “Хангарьд” клубт улсын цолтой мэргэн олон бий. Тэдэнтэйгээ гал болон нэгдэж, бэлтгэл цэрэгжилтийн баазын ойролцоох “Цуурай ам” хэмээх газарт бэлтгэлээ базаана. Байгууллагын маань удирдлага, хамт олон харваачдаа дэмжиж, наадмын бэлтгэлд тусгайлан анхаарал хандуулдаг. Бид одоо 10 дахь жилдээ зохион байгуулж буй үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн багийн УАШТ-д цэц сорьж байна.
-Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баярыг XIII зуун цогцолборт цар тахлын улмаас үзэгчгүй зохион байгуулахад та түрүүлж, Монгол Улсын даян мэргэн цол хүртэж байлаа. Тэр үеийг эргэн дурсвал наадамчин олонд сонирхолтой санагдах болов уу?
-Наадмын өглөө сурын талбайд харваачдынхаа адилцолхүртэнэ гэсэн өөдрөг бодолтой ирсэн. Сурын алтан шар зурхайд цэц сорьж буй харваачдаа наадамчин олон хараад догдолж суудаг бол бидний хувьд хэцүү байдаг. Үндэсний сур харваа сэтгэл зүйтэй холбоотой. Миний хувьд эхний дөрвөн сумаа харвасны дараа л сэтгэл тайвширдаг юм. Тэр жил наадмын бэлтгэлд гарахад Монгол Улсын дархан мэргэн, Гавьяат тамирчин Ш.Даваахүү багш мэргэчүүдээ шинжээд “Энэ жил 38 сум оносон харваач түрүүлэх магадлал өндөртэй” гэв. Багшийнхаа амны бэлгээр би 38 сум онож, Монгол Улсын даян мэргэн цол хүртэж байлаа.
-Та 2016 оны наадмаар улсын мэргэн Б.Ёндонтой түрүү байрын төлөө товх харвасан. Асарт суугаа үзэгчид нам гүм болж, амьсгаа даран үзсэнийг санаж байна.
-Нэг өдөр бэлтгэлээ хийж байтал Ш.Даваахүү багш, З.Сүлдболд ах “Чиний бэлтгэл энэ жил сайн байна. Наадмын харваанд заавал айрагдана шүү” гэлээ. Аймгийн наадамд ч түрүүлж үзээгүй би цехийнхээ ах нарыг дагаж ирээд улсын наадмын харваанд түрүүлсэн. Сурын талбайд шилдэг найман харваачийн нэгээр шалгарч, тэргүүн байрын төлөө товхолно гэж огт төсөөлөөгүй. Өөрийгөө өндөр амжилт гаргана гэж бодоогүй болохоор их сүрдсэн. Үнэнийг өгүүлэхэд, тухайн үед түрүүлдэггүй юм аа гэхэд гарамгай мэргэн болох сон гэж бодож зогссон. З.Сүлдболд ахад “Товх харваад алдвал хоёрдугаар байрт, оновол түрүүлэх нь ээ” гэхэд “Тийм ээ, чи найзтайгаа товх харвах нь дээ” гэж билээ.
-Монгол Улсын гарамгай мэргэн Х.Баасанхүүг танд үндэсний сур харвааны эрдмээс анх заасан ачтан гэж сонссон. Тэрбээр тантай товхолсон Б.Ёндон мэргэний аав. Түүнд наадмаар хүү, шавь хоёрынхоо хэн нь түрүүлэх бол гэж харж зогсох хэцүү байсан болов уу
-Хүү нь түрүүлбэлМонголУлсын даян, шавь нь тэргүүн байрт шалгарвал Монгол Улсын мэргэн цол хүртэх байв. Багш товх харвахын өмнөхөн надад “Та хоёрын хэн нь ч түрүүлсэн надад ялгаа алга. Гэхдээ товх харвахыг үзэж чадахгүй нь” гэж хэлээд үзэгчийн суудлаас боссон. Үндэсний сур харваачид товх харваанд цолныхоо эрэмбээр харвадаг юм. Б.Ёндон эхэлж харвахдаа сумаа давуулчихлаа. Намайг оноход асарт суусан олон “Шинэ мэргэн төрлөө” гээд шуугилдаад л явчихсан. Миний хувьд наадмын өмнө товх харвах бэлтгэл түлхүү хийсэнминь их нөлөөлсөн.Тэр үед багшийнхаа зөвлөснийг, ах нарынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн гэж боддог. Найз минь дараа жилийнх нь наадмаар түрүүлж, Монгол Улсын даян мэргэн цол хүртэж, Орхон, Завхан аймгийн зон олныг баярлуулсан даа. Тэрбээр хэвлэлийнхэнд ярилцлага өгч, наадамчин олонтой сэтгэгдлээ хуваалцахдаа өмнөх наадмаар товх харвахдаа гаргасан алдаагаа засаж, түрүүлсэн тухайгаа дурссан байдаг. Завхан нутгаас надаас гадна Монгол Улсын дархан мэргэн, Гавьяат тамирчин Ш.Даваахүү, даян мэргэн Б.Ёндон, Д.Эрдэнэтуяа, улсын мэргэн З.Сүлдболд гээд улсын цолтой мэргэн цөөнгүй бий. Тухайлбал Д.Эрдэнэтуяа мэргэн удам дамжсан харваач, Ээж С.Долгормаа нь улсын даян мэргэн цолтой.
-Х.Баасанхүү мэргэний шавь болж, нум эвшээлгэн сум тавьсан таны он жилүүдийн дурсамжаар аялъя.
-Би үндэсний сур харваагаар 2011 оноос хичээллэсэн. Орхон аймгийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хангарьд” клубийнхэнтэй хамтарч ажилчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор 20092011 онд бие тамир, чийрэгжүүлэлтийн төсөл хэрэгжүүлж, спортын 15 төрлөөр хичээллэх боломж бүрдүүлсэн юм. Үүний нэг төрөлд нь үндэсний сур харваа багтсан. Морь уяж чадахгүй, бөх барилдах гэхээр нас явчихсан надад сур харваа сонгох нь зөвшийдвэр байв.Ус хангамжийн цехийн 15 залуу уг төсөлд хамрагдаж хичээллэх боллоо. Тэднээс хамгийн залуу нь би. Залуус сургалтын гурван нум, 15 сумаар ээлжилж харвана. Зургаан сар хичээллээд өөрийн гэсэн нум, сумгүй бол сурах хэцүүг ойлгож, болих тухай байсхийгээд боддог боллоо. Үйлдвэрийн цехэд хамт ажилладаг, Завхан аймгийн Улиастай сумын харьяат, улсын гоц мэргэн Ж.Мөнхбаатар ахад энэ тухайгаа хэлэхэд “Чизалуу хүнбайжиймзүйл ярихгүйшүү. Удахгүй өөрийн гэсэн нум, сумтай болно” гэв. Тэр залуусаас дөрөв нь үлдэж, цааш үргэлжлүүлсэн. Тэдний гурав нь Ус хангамжийн цехийнх. Бид тэр цагаас өнөөг хүртэл нөхөрлөж, хаана тэмцээн болно, тэнд хамтдаа очдог болсон.
-Таныг цехийн чинь ах үндэсний спортод буцааж авчирсан байх нь.
-Тийм ээ. Харвааны нум, хэрэгсэл ховор байх үед багш надад Өмнөговь аймгийн харьяат, нум урлаач Монгол Улсын даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр гуайгаар нум урлуулснаар үндэсний сур харваанд эргэж буцахааргүй хөл тавьсан. 2016 оны наадамд түүний хийсэн нумаар харваж, улсынмэргэн цол хүртэж байв. 2020 онд гарынхаа ур дүйгээр “Хөөрөг Бааска” хэмээн алдаршсан залуугийн урласан нумаар цэц сорьсон. Тэрбээр хөөрөг, нумаас гадна чулуугаар сийлбэр сийлдэг. Найз минь улсын мэргэн цол хүртэхэд баярлаж, ур¬ласан нумаа бэлэглэсэн юм. Тэр нумаар нь харваж, улсын даян мэргэн цол хүртсэнээ их бэлгэшээдэг.
-Амжилт гаргахад сайн нум их нөлөөлдөг гэж харваачдын ярьдаг оргүй үг биш бололтой.
-Харваач хүнийг амжилт гаргахад нум их нөлөөлдөг шүү. 2020 оны наадмаас өмнө гурван ч удаа задгай газар харвах бэлтгэл хийсэн юм. Тэгэхэд тун гайгүй харваад байлаа. Өмнө нь Орхон аймагт болсон тэмцээнд, эсвэл бэлтгэлийн үед 40 сумаас 37, харин Улаанбаатарт ирээд УАШТ-д оролцохдоо 27 ононо. Тэр үед нумд, эсвэл надад байна уу гэж гайхдаг сан. Харваачид онооныхоо самбарыг хараад өөртөө дүн шилжилгээ хийдэг. Би ихэнх тэмцээнд сум дутаж алдсан байв. Миний хувьд өмнө нь Бүх ард түмний VI их наадмын цуваа харваанд 39 онож түрүүлсэн. Түүнээс хойш энэ нумаар задгай газар харвавал гайгүй юм байна гэж бодсон. Тэр жил бэлтгэл хийхэд өмнөхөөсөө сайн байгаагүй. Тиймээс наадам эхлэхээс хэд хоногийн өмнө Ш.Даваахүү багштай тусгайлан бэлтгэл хийхэд харваа жигдрээд эхэлсэн. Улсын наадам “XIII зуун” цогцолборт задгай газарт зохион байгуулах шийдвэр гарсныг сонсоод улсын наадамд явъя. Нумныхаа ид шидийг одоо л гаргая гэж бодсон. Энэ спортоор 35 жил хичээллэсэн харваачдын дэргэд миний хичээсэн он жил бага шүү дээ.
-Үндэсний сур харваанд би тэд түрүүлнэ гэж ам гарч болдоггүй гэж үнэн үү?
-Монгол нумыг байгалийн түүхий эдээр урлаж, эвэр, бог малын шөрмөс, хус модоор хийдэг. Нум сум эрт үеэс монгол цэргийн зэр зэвсгийн нэг байсаар ирсэн. Харин орчин цагт спортын нэг төрөл болж хөгжиж байна. Тиймээс харваачид аюулгүй байдлыг чанд сахиж, алдаа гаргахгүй харвахыг хичээдэг. Сум алдаж харваснаас болж зурхай дээр ажиллаж байсан харваачид бэртэж гэмтдэг тохиолдол цөөнгүй. Тиймээс аюулгүй ажиллагааны зааврыг сайтар баримтлах ёстой. Төрийн их баяр наадмын алтан зурхайд цэц сорино гэдэг бас л сүрдмээр сайхан шүү дээ. Мэргэ үеийн харваанд олон харваачийн дунд харагдах хасаа жижигхэн болчихсон байдаг юм. Аюулгүй байдлыг бодож, харваачдыг онохгүй харвах сан гэж бодно. Бороо, шороо, цаг агаарын байдлыг анзаарахаас гадна салхины зүг чигийг сайтар тоо¬цоолж сумаа тавьдаг.
-Наадмаар гадаадын жуулчид сур харвааг сонирхож их үздэг. Тэд наадамчин олноос мэргэ үе, шил мэргэ, ноён баатар харваа гэж ямар учиртай юм бэ гээд асууж байгаа харагддаг. Үүний талаар та сонирхуулж яриач?
-Үндэсний сур харваа тухайн хүнээс маш их мэдрэмж шаарддаг. Монголчуудын эртнээс уламжлан тээж ирсэн биет бус өв. Намайг сурын спортод хөл тавиад улсын наадамд ганц хоёр харваж байхад гадаадынхан харвааг сонирхож их үздэг байлаа. Одоо бол залуучууд сур харвааг сайн ойлгодог болсон тул зорьж хичээллэх нь жилээс жилд нэмэгдэж байна. Эхлээд мэргэ үе харваанд хамгийн шилдэг, өндөр цолтой харваачид босож харвана. Дараа нь шил мэргэ. Эмэгтэй өндөр цолтой харваачид цолныхоо эрэмбээр цэц сорьдог юм. Тэгээд ноён баатар харваанд аймгийн мэргэн, спортын, спортын дэд мастер цолтнууд харвана. Хамгийн сүүлд шувтарга мэргэ харваанд цол зэрэггүй харваачид босож харвадаг. Монголчуудыг өв соёл, ёс заншил, нүүдлийн өвөрмөц амьдралыг бөх, морь, сур харваагүйгээр төсөөлшгүй. Наадамчид эрийн гурван наадмаа үзэх гэж бүтэн жил хоног тоолон хүлээдэг. Хүмүүс бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг илүү үздэгийн давуу тал бол энэ спортын онцлог, гайхамшгийг сайн тайлбарлаж хүргэдэгтэй холбоотой. Үндэсний сур харваа ч гэсэн удахгүй спортын бусад төрөл шиг үзэгчидтэй болно гэдэгт итгэдэг.
-Өөрийгөө ялан дийлж байж амжилт гаргана гэдгийг өнгөрсөн он жилүүдийн туршлагаас олж авсан уу?
-Монгол урлаачийн нум халуунд зөөлөрч, хүйтэнд хатуурдаг. Хатуу нумны сум чигээрээ гардаг бол зөөлөн нумны сум хөөрөлттэй гарна. Хөөрөлттэй сум салхинд цохиулах магадлал их. Энэ бүхнийг нумаа татаж, сум тавих хүртэлх хугацаанд маш сайтар тооцоолно. Харваач бүр өөрийн гэсэн онцлогтой. Би долоон секундэд тооцоолж, сумаа тавьдаг. Нум, сумны жин янз бүр байдаг. Миний нум 60-65 паунд жинтэй. Нэг удаа сум тавихад 30-35 кг ачаа өргөх хэмжээний бяр чадлыг гаргадаг. Тэгэхээр үндэсний сурын спорт тэсвэр хатуужил, хүч чадлаас гадна зургаа дахь мэдрэхүйг шаарддаг.
-Та одоо гарын олон шавьтай болсон биз дээ?
-Ажил ихтэй завгүй явдаг болохоор сумдаа үндэсний сур харвааг хөгжүүлэх боломж тэр бүр гардаггүй. Үндэсний сур харваа сонирхдог нутгийн залуус Б.Ёндон, Д.Эрдэнэтуяа мэргэний удирдлагад хичээллэдэг. Б.Ёндон 2017, 2018 онд “Завханы 1000 харваач” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлсэн.Тэднээс 800 гаруй нь сурын спортод хөл тавьжээ. Харваачид “Шавь бэлдэнэ гэдэг өөрийнхөө харвааг хоёр хувааснаас ялгаагүй” гэж ярьдаг. Надад шавь бэлдэх сонирхол бий. Гэхдээ багш нар минь “Чи амжилтаа ахиулахад анхаарал хандуул. Чамд багш болох цаг хугацаа хангалттай гарна. Цаг нь болохоор шавь бэлдээрэй” гэж зөвлөсөн. Санаж явбал бүтнэ гэдэг үг бий. Багш нараасаа ийм үүрэг авсан болохоор амжилтаа ахиулахаар зорьж байгаа. Үндэсний сур харваанд хамгийн хүчтэй өрсөлдөгч өөрөө л байдаг. Өөрийгөө ялж байж амжилт гаргана. Намайг дэмждэг олон хүний сэтгэлийн хүчинд өдий зэрэгт хүрсэндээ баярладаг. Сурын спортод нас хязгаарладаггүй. Сурын алтан шар зурхайд наадамчин олноо баясгаж, олон жил цэц сорино гэж боддог.
-Харваач хүний ар тал байх амаргүй гэж ойр дотнынх нь хүмүүс ярих юм билээ. Гэр бүлийн тань үүрэг, оролцоо амжилт гаргахад багагүй нөлөөлсөн гэж бодож байна.
-Ханийн минь дэм, тус миний амжилттай салшгүй холбоотой. Ямар ч үед ойлгож, тууштай хичээллэх нөхцөл боломжоор хангаж ирсэн гэр бүлээрээ бахархдаг. Харваачдыг эхнэр, нөхөр нь дэмжиж, ар гэрийнхээ бүх зүйлийг хариуцаж үлддэг юм. Бид урин дулаан орохоор бэлтгэлд гарч, зуны саруудад гэртээ тухлах нь цөөн. Хол байх хугацаанд эхнэр миний оролцоогүйгээр бүх зүйлийг амжуулж сурсан. Тэмцээн, наадам, энд тэндхийн баяр ёслолд уригдаж намар хичээл эхлэхтэй зэрэгцэж гэрийн бараа хардаг. Манай хүүхдүүд сураар хичээллэхэд нас нь арай бага байна. Эхнэр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд сувилагч. Харваачдын хүүхдүүд удам залгадаг. Сурын талбайд аав, ээжийнхээ сумыг багадаа зөөсөөр байгаад харвах сонирхолтой болдог юм. Энэ ташрамд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, Ус хангамжийн цех, Цэвэрлэх байгууламжийн хэсэг, “Хангарьд” клубийн хамт олон, Завхан нутгийн зон олон, аав, ээж, гэр бүл, ах дүүс, намайг дэмжиж үздэг, дээлийн минь захыг мушгиж суудаг найз нөхдөдөө баярласнаа илэрхийлж, Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлье. Сурын алтан шар зурхайд нум эвшээлгэн татах эрхий мэргэн харваачдын нум нь хүчтэй, сум нь мэргэн, хараа нь хурц, уухай нь цээл байх болтугай.