Байгалийн чулуулаг ашиглан усны бохирдол бууруулах блок материал гарган авах судалгаа хийсэн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Дэвшилтэт материалын хими технологийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор О.Алтантуяатай ярилцлаа. Тэрбээр бохирдсон усыг элбэг олдоцтой байгалийн органик материал ашиглан хэрхэн цэвэршүүлэх талаар сүүлийн хоёр жил дагнан судалжээ.
-Байгалийн чулуулаг ашиглан усны бохирдол бууруулах блок материал гарган авах судалгааны гол зорилго, ач холбогдол нь юу вэ. Ямар давуу талтай бол?
-Энэхүү судалгааны гол зорилго нь Монгол орны байгалийн буюу галт уулын чулуулаг ашиглан хямд зардлаар, байгальд ээлтэй аргаар усны бохирдлыг бууруулах боломжтой шинэ технологийг нэвтрүүлэх явдал юм. Уг технологи нь усны олон төрлийн бохирдол, тэр дундаа органик, хүнд металлын болон азот, фосфорын бохирдлыг ч үр дүнтэй бууруулах чадвартайгаараа өндөр ач холбогдолтой. Барилгын блоктой адил хүссэн хэлбэр, хэмжээгээрээ хэвээ тохируулан гарган авах боломжтойгоороо давуу талтай. Манай оронд гадаргын болон гүний усны олон төрлийн бохирдол сүүлийн жилүүдэд илэрч байна. Ийм төрлийн бохирдол стандарт хэмжээнээс хэд дахин ихэссэнийг хэдийн судалчихсан. Гэвч бохирдлыг бууруулах бодитой арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг харуулах судалгаа харьцангуй хомс байна. Тиймээс хямд зардлаар усны бохирдлыг бууруулах шинэ технологийг эх орондоо нэвтрүүлэх боломжтой, эсэхийг судаллаа. Эл судалгаа хоёр дахь жилдээ үргэлжилж, одоогоор 80 хувьтай байна. Өдгөө шинэ бүтээлийн патентын мэдүүлгээ өгчихсөн. Чулуулгаас бүрдсэн блок маань дангаараа ч маш өндөр цэвэршүүлэх чадвартайг судалгаагаар тогтоосон. Гэхдээ урт хугацааны тогтвортой үр дүнг хангахын тулд бид тусгайлан сонгосон байгаль, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бактерийн холимгийг нэмж өгдөг. Эдгээр бактери нь чулуулгийн эрдэс, минералыг ашиглан амьдарч, цэвэршүүлэх процессыг тогтвортой байлгадаг. Өөрөөр хэлбэл, биологийн цэвэрлэгээнд өргөн ашигладаг бактерийг шууд усанд хийвэл хөвөөд алга болчихно шүү дээ. Харин манай блок энэ асуудлыг шийдсэнээрээ онцлогтой. Блокийн онцлог шинж чанар, усны бохирдлын төрлөөс хамааран үүнд тохирох бактерийг нарийвчлан сонгох шаардлагатай болдог. Одоогоор блок материалтай маань зохицон амьдрах боломжтой азот, фосфорын хэмжээг өндөр үр дүнтэй бууруулах чадвартай бактерийн холимог үүсгээд байна. Бидний судалгааны дүнгээс харахад тухайн бактерийг усанд шууд хийхэд эхний 16 цаг идэвхтэй байсан. Харин 24-48 цагийн дараачаас идэвх нь багасах хандлагатай. Бактери ч бас амьд организм шүү дээ. Тиймээс гэр орон, хоол хэрэгцээтэй байдаг. Харин энэхүү блокт бактерийг суулгаснаар 24 цагийн дараачаас илүү өндөр идэвхтэй, тогтвортой болж, удаан хугацаанд үр дүнтэй байх боломж бүрдэж байгаа юм. Мөн энэ блок нь заавал дөрвөлжин бус, олон төрлийн хэлбэр хэмжээтэй байж болно.
-Голчлон ямар төрлийн байгалийн чулуулаг ашиглаж байна вэ?
-Байгалийн чулуулаг нь ямар төрлийн эрдэс агуулж байгаагаасаа шалтгаалаад өөрийн гэсэн онцлог шинж чанартай. Манай төслийн нэр нь “Volcanic block” буюу галт уулын чулуулаг юм. Цеолит, базальт, перлит зэрэг байгалийн буюу галт уулын чулуулаг нь угтаа сүвэрхэг шинж чанартай байдаг. Энэ шинж чанар нь тухайн бохирдлыг шингээж авах чадвартай. Мөн бид блокийн тогтвортой байдал, урт хугацаанд бохирдлыг бууруулах чанарыг нэмэгдүүлэх зорилгоор байгальд ээлтэй бактери үржүүлэх судалгаа хийж байна. Галт уулын чулуулаг нь эрдсээр баялаг учраас бактерийн өсөлт, үржилтэд шаардлагатай эрдэс, минералыг нөхөх зорилгоор анх сонгосон.
-Үнэ өртгийн хувьд өргөн хэрэглээнд ашигладаг блоктой харьцуулахад хэр зөрүүтэй бол?
-Манай технологийн хамгийн том давуу тал нь хямд үнэ юм. Байгалийн чулуулаг нь Монголд элбэг байдаг тул түүхий эдийн зардал бага. Импортын химийн бодис, цахилгаан эрчим хүч шаардахгүй. Нэг удаа суурилуулчихвал удаан хугацаанд ашиглах боломжтой, нөхөн сэргээж дахин ашиглаж болно. Жишээлбэл, гэрийн аквариумын ус маш хурдан бохирддог. Манай жижиг блокийг тэнд хийвэл ус удаан хугацаанд цэвэр байна. Дэлхийн олон оронд ийм төрлийн бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэдэг. Гол, нуурын хувьд ч адилхан үр дүнтэй. Ялангуяа манай нууруудад органик бохирдол их цуглардаг учраас энэ технологи маш тохиромжтой. Экологийн тэнцвэрт эерэг нөлөө үзүүлэх давуу талтай юм. -Тэгэхээр ахуйн хэрэглээнд буюу худаг, цэвэрлэх байгууламжид ч эл блокийг ашиглах боломжтой байх нь? -Ямар зорилгоор хэрэглэх гэж буйгаасаа хамаараад тухайн блокийн найрлагыг ч өөрчлөх боломжтой. Тиймээс үүнийг ахуйн хэрэглээнд ашиглаж болно.
-Усны бохирдол манай оронд ямар түвшинд байгааг та бүхэн судалсан болов уу?
-Уг асуудал өнөө үед нэн чухал болчхоод байна. МУИС төдийгүй манай Хими, химийн технологийн хүрээлэнд ч энэ чиглэлээр олон судалгаа хийсэн. Одоо ч хийсээр байгаа. Тиймээс бид бохирдлын талаарх эдгээр судалгааны дүнг ашиглаад гол, худаг, нуурын усыг бохирдуулдаг хүчин зүйлс, түүнийг бууруулах боломжуудыг судлах, асуудлыг шийдвэрлэх чиглэлд анхаарлаа төвлөрүүлэн ажиллахыг хичээж байна.
-Энэхүү блок нь ямар төрлийн бохирдлыг хамгийн сайн бууруулдаг юм бол?
-Голчлон органик бохирдлыг бууруулахад өндөр идэвхтэй. Мөн азот, фосфорын хэмжээг бууруулахад ч өргөнөөр ашиглаж болно. Төв цэвэрлэх байгууламж, ахуйн хэрэглээний буюу угаалгын нунтаг зэрэг органик бохирдлын түвшин өндөр байдаг. Үүнийг уг технологиор бууруулах боломжтой. Мөн хүнд металлын бохирдлыг багасгахад ч ашиглаж болох юм.
-Үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ямар бэрхшээлүүд тулгарч байна вэ?
-Энэхүү сэдвийг сонгосон гол зорилго нь хямд өртгөөр, химийн хүнд боловсруулалт шаардахгүй, байгальд ээлтэй шийдэл боловсруулах байсан. Тиймээс судалгааны явцад томоохон хүндрэл, саад бэрхшээл төдийлөн тулгараагүй гэж хэлж болно. Санхүүжилтийн хувьд “Elsevier” сангаас дэмжлэг авсан учраас туршилт, лабораторийн нөхцөлд судалгаагаа Хими, химийн технологийн хүрээлэн болон Дэвшилтэд материалын хими, технологийн лабораторид саадгүй үргэлжлүүлж байна. Харин дараагийн шат болох бодит амьдралд ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх үйл явц бол илүү олон талын оролцоо шаардсан цогц ажил. Бид бол судлаачид. Гэтэл энэ блок материалыг шууд аваачаад голын усанд байршуулна гэхэд бодит байдал дээр ямар байгууллага, аль шатны зөвшөөрөл хэрэгтэй вэ, орон нутгийн иргэдийн оролцоо ямар байх вэ зэрэг олон асуудал үүсдэг. Иймд цаашид энэ шийдлийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй байна.
-Цаашид судалгаагаа хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна?
-Бид цаашид орон нутгийн удирдлага, сум, дүүргийн холбогдох байгууллагынхантай хамтран ажиллаж, туршилтын ажлыг цомхон хүрээнд эхлүүлэх бүрэн боломжтой. Туршилтаа амжилттай хийж чадвал цаашид Сэлбэ, Туул зэрэг томоохон голуудад уг блокийг байршуулж, бохирдлыг нь бууруулах боломжтой юм. Улаанбаатар хотод гэхэд л нэлээд олон гол, цөөрөм бий. Эдгээрийн органик бохирдол, замгийн хэмжээ ихэссэн. Энэ асуудлыг шийдэхэд бидний гаргаж авсан блок материал чухал ач холбогдолтой. Жишээ нь, гол, нуур, цөөрөмд явган хүний гүүр, шат байрлуулсан байдаг. Үүний адилаар блокийг гол дээр байрлуулж, гатлах зориулалттай, нөгөө талаас бохирдлыг бууруулах үүрэг бүхий ухаалгаар шийдэж болно. Сэлбэ голд блок байршууллаа гэхэд үүний өмнө нийслэлийн болон холбогдох байгууллагуудын зөвшөөрөл шаардлагатай, эсэхийг бид сайн мэдэхгүй байна. Ер нь судлаачдын олонх нь судалгаагаа дуусгаад дараагийн төсөлдөө шилжчихдэг асуудлыг системийн түвшинд нээлттэй болгох шаардлагатай. Хамгийн гол нь хамтын ажиллагаа хэрэгтэй. Иргэд, төр, хувийн хэвшлийн оролцоо энэ судалгааг амжилттай хэрэгжүүлэх үндэс болно. Санхүүгийн хувьд энэ судалгааны дэмжлэг шийдэгдсэн учраас бидэнд одоогоор судалгаа, жижиг туршилтын түвшинд санхүүгийн асуудал тулгарахгүй байна. Харин өдгөө хамгийн чухал зүйл бол судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад олон талын хамтын ажиллагаа чухал байна.
У.Цэцэгсүрэн