Жуулчдад үйлчлэх автобусыг Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу өнгөрсөн сарын 1-нээс цагийн хуваарийн дагуу явуулж эхэлсэн. Тодруулбал, Сүхбаатарын талбай-Хөшигийн хөндий, Таван шар-Хөшигийн хөндий гэсэн үндсэн хоёр маршрутаар нийтийн тээврийн автобус тогтмол явуулж буй юм. Амралт, аялал зугаалгын улирал эхэлж, зорчих хөдөлгөөн эрс нэмэгдсэнтэй холбогдуулан тухайн чиглэлд зорчигч автобусны цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаа Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Нисэх буудлаас хотын төв рүү жуулчин тээвэрлэх эхний автобусны хөдлөх цагийг 30 минутаар урагшлуулж, 07.40 цаг болгожээ. Үүнээс хойш хоорондоо 30-60 минутын зайтайгаар 23.10 цаг хүртэл, нийт 20 удаа автобус явуулах нь. Харин Сүхбаатарын талбайгаас Хөшигийн хөндий рүү эхний автобус 05.30 цагт хөдлөх бол дараагийнхыг нь замын ачааллаас шалтгаалан 30-60 минутын зайтай зорчуулах аж. Таван шараас зорчигч тээвэрлэх эхний автобус 05.50 цагт хөдлөх бол нисэх буудлаас наашаа ирэх нь 07.40 цагт гарах юм байна. Тухайн чиглэлд зорчигч тээвэрлэх автобусны цагийн хуваарьтай холбоотой илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл Нийтийн тээврийн бодлогын газрын 7004 4040 утсаар холбогдох, эсвэл “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын цахим хуудаснаас харах боломжтой.
Н.Мишээл