Хоёр жилийн өмнө 20-иод хүнтэй байсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоо гэнэт 5.5 дахин нэмэгдэж, өдгөө 109 болтлоо данхайсныг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр дэлгэж, хурцаар шүүмжлэв. Монгол Улс 500 гаруй шүүгчтэй. Гэтэл ШЕЗ-ийн ажлын алба нь шүүгчдээсээ дутахгүй шахам олон орон тоотой байж болохгүй гэсэн гишүүдийн шүүмжлэл, шаардлагын хариуд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг “Тамгын газрын орон тоог өмнө нь батлахдаа ажлын албаны бүтцийг 159 болгон нэм¬сэн юм билээ. Гэхдээ одоо ажлын албанд 109 хүн ажиллаж байгаа. Та бүгдийн хэлж байгаа шиг арай ч 200 хүрчхээгүй байна” гэж “түлээрэв”. Н.Мөнгөнцэцэгийн хувьд 2021 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг, Н.Отгончимэг нарын хамт томилогдсон нэгэн.
Үндсэн хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж сонгох, тэдний эрх ашгийг хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага юм. Ерөнхий зөвлөл орон тооны 10 гишүүнээс бүрдэх бөгөөд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг нийт шүүгчдийн чуулганы нууц санал хураалтаар сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ томилдог. Тэд дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах хуультай. Харин ажлын алба нь Шүүхийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн нэгжээс бүрдэх бөгөөд ШЕЗ-ийн гишүүдэд үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэх, Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэгтэй. “Ерөнхий зөвлөл батлагдсан төсвийн хүрээнд ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог тогтоох бөгөөд ажлын албаны үйл ажиллагааг дүрмээр зохицуулна” гэжээ.
Ямар дүрэм, журам гэхээрээ улсын хэмжээнд 3-4 шүүгч тутамд ажлын албаны нэг хүн ногдох хүртэл нь данхар бүтэц батлахыг зөвшөөрдөг хэрэг вэ. Ямартай ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны 109 хүний дотор өнөөх УИХ-аас томилдог таван гишүүнийг дагасан “шахаа”-ны нөхөд цөөнгүй байгаа нь илэрхий. Төрийн албаны данхар бүтцийг танах хэрэгтэй, бүтээмжийг нь дээшлүүлэх шаардлагатай, төсвийн үрэлгэн зардлыг бууруулах ёстой хэмээн дээр, дооргүй ярьж байхад 109 хүн ажиллаж буй нь багадаад, байтлаа бүр батлагдсан орон тоогоо гүйцээж 159 болгосон ч “бидний эрхийнх” гэх ухааны юм ярих нь яавч зохисгүй. Төрийн албаны данхар бүтцийн ердөө нэг жишээ болсон ШЕЗ-ийн ажлын албаны энэ олон хүний цалин, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмжид улсаас жилд хэчнээн төгрөг төсөвлөж байгаа бол. Шүүх засаглалын нэрээр түрээ барин, багагүй эрх, ямба эдэлдэг эдгээр 109 хүнийг багтааж шингээх өрөө тасалгаа, сандал, ширээнээс эхлээд компьютер, бичгийн хэрэгслийнх нь урсгал зардлыг тооцвол дориун юм гарч таарна.
Төрийн албаны тухай хуульд төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний алба гэсэн дөрвөн ангилал бий. Гэтэл “цалингийн шатлал” нэрээр төрийн албанд урьд хожид байгаагүй АА хэмээх тав дахь ангиллыг тусад нь бий болгож, түүгээрээ цалинждаг “тусгай хүмүүс”-ийн нэг нь энэ байгууллагынхан юм. “Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба ийм олон хүнээр яах юм. Юу хийдэг хүмүүс болоод орон тоогоо ингэж нэмүүлэв. Тэдний цалингийн шатлал АА гэсэн тусдаа горимоор явдаг. Энэ мэтээс л төрийн алба хаагчдын орлогын тэгш бус байдал эхэлж, ялгаварлал үүсдэг. Энэ бол Үндсэн хууль зөрчиж байгаа явдал шүү” хэмээн УИХ-ын гишүүн П.Сайнзориг хатуухан донгодно билээ.
Төрийн албаны тухай хуульд байхгүй, тав дахь ангиллаар цалинждаг буюу АА хэмээх тусгай бүлгийнхэнд Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн саАА хэмээх “дарга ангийнхан” төсөв цөлмөж байна хилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөл болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаныхан хамаардаг. Тэдний цалингийн доод хэмжээ АА-1 бол 2 716 000, АА-2 бол 2 586 000 гэхчлэн хамгийн бага нь буюу АА-11ээр цалинждаг хүн гэхэд л 1 539 000 төгрөгөөс эхэлнэ. Өөрөөр хэлбэл, энэ ангиллын цалингийн хамгийн доод шатлал болох АА-11-ээр цалинждаг албан тушаалтан гэхэд л цэцэрлэг, сургуулийн багшаар 15 жил ажилласан хүнийхтэй (ТҮБД-4: 1 559 000 төгрөг) адилхан, эрүүл мэндийн салбарт 10 гаруй ажилласан эмчийнхтэй (ТҮЭМ-6: 1 559 000 төгрөг) ойролцоо байна шүү дээ.
Хууль, эрх зүйн чиглэлээр өнгөрсөн жил их, дээд сургууль төгссөн хэн нэгэн танил талынхаа дэмжлэгтэйгээр Улсын ерөнхий прокурорын газар, эсвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд ороход л эрүүл мэнд, боловсролын салбарт наанадаж 10 жил хүч, хөдөлмөрөө зориулсан хүмүүстэй адилхан цалин авах нь. Ийм л шударга бус байдаг учраас түмний хүүхэдтэй өдөржин зууралдаж, нервээ баран багшлах хүн олдохгүй байгаа юм. Адаглаад ТТ-1 буюу төрийн тусгай албан тушаалын цалингийн хамгийн дээд зэрэглэл нь 2 189 000 төгрөг байгаа нь АА-8 шатлалынхтай ижил болохоор иргэд, олон нийт бухимдах нь аргагүй.
УИХ-аар саяхан баталсан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө”-нд төсвийн зардлын, төрийн албаны, эдийн засгийн эрх чөлөөний болон үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг тус тус хэрэгжүүлэхээр тусгаад буй. “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн дөрвөн бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, нийтдээ 18.9 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 330 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
“Төсвийн зардлын реформ”-ын хүрээнд урсгал зардлыг ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байлгаж, процессын дахин инженерчлэл хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, про-актив хандлагаар эрчимжүүлнэ гэсэн. “Төрийн албаны реформ”-ын хүрээнд тус албанд шинэчлэл хийж, чиг үүргийн давхардлыг арилган, чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх юм байх. Төрийн бүтээмжийг сайжруулна гэхээрээ “бүтээмжийн менежер” хэмээх цоо шинэ мэргэжил гаргаж ирээд, 400 гаруй хүнийг сард тус бүр 4-6 сая төгрөгөөр цалинжуулаад эхэлдэг маанаг шийдвэрээ эргэж харна гэж найдъя. Ямартай ч эдгээр сайхан амлалт, төлөвлөгөөнөөс арай барьцтай бөгөөд үнэлж хэмжиж болохуйц нь ирэх оноос эмч, багшаас бусад төрийн албаны орон тоог есөн хувиар бууруулахаар болсон явдал биз.
Өдгөө төрийн албанд 230 гаруй мянган алба хаагч ажиллаж буй. Тэр дундаа ТЗ буюу төрийн захиргаа, ТТ буюу төрийн тусгай албан тушаалын “дарга ангилал”-ын бүтэц, орон тоо илт данхайсныг мэргэжилтнүүд нь шүүмжилдэг. Гэтэл хажуугаар нь АА хэмээх хууль бус “дарга шатлалынхан” сүүлийн 2-3 жилд эрчимтэй хүрээгээ тэлж, төрийн албаны цалингийн төсвийн багагүй хувийг хүртэх болжээ. Чухам иймийн учир хаана, ямар чиг үүргийн давхардал бий болж, төрийн алба данхайсныг нарийвчлан тогтоохоор салбар салбарт ажлын хэсэг гарч, холбогдох байнгын хороодоор хэлэлцэж буй.
Зах зухаасаа илэрсэн “но” нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоо болохоос биш, цаана нь хэчнээн байгууллагын дарга сэтэртэн хэд дахин нэмэгдсэн тухай мэдээлэл хаалттай хэвээр байна. “Төсвийн зардлыг автоматаар тэлсэн энэ мэт дураараа үйлдлүүдийг таслан зогсоох хэрэгтэй. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамныхан хэрэв төсвийг нь танаж хасаж чадахгүй бол парламентаар хэлэлцээд үүнийг шийдэх болно” хэмээн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хатуу байр суурь илэрхийлсэн. “Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” гэдэгчлэн Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн салбарт нь ямар булай булхай үүрлэсэн, идээ бээр нь бугласаар цаашид юунд ч хүрэх магадлалтайг гадарлах биз.
Л.Ганчимэг