Байгаль төдийгүй хүн зон бүгдээр өөр өөрсдийн өнгө үзэмжээ гайхуулдаг зуны эхэн сар хэдийн гарч хаад байхад Улаанбаатарын гудамж ичимхий хүүхэд шиг бүүдгэр саарал “хөшиг”-нийхөө ард нуугдсан хэвээр. Бие, сэтгэлд тухгүй хохилзсон дүнсгэр энэ өдрүүдэд манай хотынхонд хань болж, дотоод эрх чөлөөг мэдрүүлэхээр “Poetry night“ яруу найргийн үдэш эргэн иржээ. “UB Life” сайт болон “Fat cat jazz club Ulaanbaatar” хамтран зохион байгуулдаг яруу найргийн үдэш энэ удаад “Хэн ч хараагүй байхад чи хэн байдаг вэ“ хэмээх сэдвийн хүрээнд зохиогдох нь.
Бид бусдын өмнө олон дүр бүтээж амьдардаг. Харин гэрэл унтарч, утас чимээгүй болж, хэн ч биднийг ажиглахгүй болсон тэр мөчид үлддэг хүн яг хэн юм бол. Чиний, миний, бидний нууж явдаг бодол, хэлж чаддаггүй үгс, хамгийн үнэн айдас, нандин мөрөөдөл, хүмүүсийн мэддэггүй өнгөрсөн тэр зүйлсийн тухай өнөөдөр чөлөөтэй “ярилцах” боломжтой. Монголын энэ цагийн уран зохиол, яруу найрагт жинтэй байр суурь эзэлдэг яруу найрагч Д.Оюунчимэг, Я.Баяраа, Ц.Дэлгэрмаа, Тө.Бямбасүрэн нартай хамт “Fat cat jazz club Ulaanbaatar”-т дотоод мэдрэмжээ уудлах уу. Зочин яруу найрагчдаас гадна тайзан дээр өөрсдийн шүлгээ уншиж, бусадтайгаа мэдрэмжээ хуваалцах боломжийг залууст олгодгоороо энэхүү арга хэмжээ онцлогтой билээ.