Ойн газрынхан “Номгон форестри” ХХК-ийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлав. Учир нь тус компанийнхан Швед улсын “BCC Plant the planet”-ийн суулгац үйлдвэрлэлийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Тэд энэхүү тоног төхөөрөмжийнхөө тусламжтайгаар хөрс бэлтгэх, сав дүүргэх, үр суулгах зэрэг үйл ажиллагааг бүрэн автоматжуулж, суулгац үйлдвэрлэлийн бүтээмж, чанарыг эрс нэмэгдүүлсэн байна.
“BCC Plant the planet”-ийн автомат үйлдвэрлэлийн шугам нь минутад үрслэгээний 10-20 тавиур боловсруулах хүчин чадалтай бөгөөд үр суулгацын нарийвчлал нь 95 хувиас дээш аж. “Номгон форестри”-ийнхэн дэвшилтэт технологийнхоо ачаар энэ жил нэг сая ширхэг бортоготой тарьц үржүүлж эхэлжээ. Бүрэн хүчин чадлаар нь ажиллуулбал жилд 75 сая ширхэг бортоготой тарьц ургуулах боломжтой гэв. Богино хугацаанд ийнхүү их хэмжээний чанартай суулгац үйлдвэрлэх боломж бүхий мод үржүүлгийн шинэ технологийг цаашид ойн салбарт нутагшуулснаар суулгацын хүчин чадал нэмэгдэж, нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын чанар, үр өгөөж дээшилнэ гэдгийг албаныхан онцоллоо.
М.Гэгээ