Өнөөдөр Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд нийслэлийн түүх, соёлтой танилцахыг хүссэн иргэдэд зориулан хоёр музей үнэ төлбөргүй үйлчилж байна.
Улаанбаатар хотын музейг аравдугаар сарын 26-наас 30-ны өдрийг дуустал иргэд, олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Тус музейд нийслэлийн үүсэл хөгжил, түүх, соёлын өвтэй холбоотой үзмэрүүдийг дэлгэн үзүүлдэг аж.
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр буюу аравдугаар сарын 29-нд 09:00–16:00 цагийн хооронд байнгын үзүүллэгийн танхимуудаа үнэ төлбөргүй нээжээ. Тус музейн байнгын үзүүллэгийн танхимуудыг бүрэн үзэж сонирхоход дунджаар 2–3 цаг зарцуулдаг.
Үнэгүй үйлчилгээнд музейн хүндэтгэлийн өргөө болон түр үзэсгэлэнгийн танхим хамаарахгүй. Зөвхөн байнгын үзүүллэгийн танхимуудаар үйлчлүүлэх юм. Түүнчлэн Музейн тухай хуулийн дагуу Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй байдаг билээ.
Иймээс иргэд өнөөдөр Чингис хаан Үндэсний музейгээр зочлох, эсвэл аравдугаар сарын 30-ныг хүртэл Улаанбаатар хотын музейг үзэж, нийслэлийнхээ түүх соёлтой танилцах боломжтой юм.