
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсрох нь
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсрох хэрэгтэй юу? гэсэн асуултад “Тийм” гэж хариулах хүн олон байх гэж бодож байна. Гэвч зарим хүмүүс “Сурч боловсроод ч ажилд орж чадахгүй болохоор сургуульд сурах шаардлага байна уу?” гэлцдэг. Яагаад ингэж бодох болов? Миний таньдаг харааны бэрхшээлтэй япон багшийн хэлснээр харааны бэрхшээлтэй нэг хүүхдийг их сургууль төгстөл нь сурч боловсруулахын тулд улсаас барагцаалбал 20 сая иений татварын мөнгө зарцуулагддаг.
Энэ нь татварыг үр ашиггүй зарцуулж байна гэсэн үг үү? Би хувьдаа тэгж бодохгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй гээд сургуульд явахгүй байх юм бол цаашлаад ажил ч хийж чадахгүй. Насаараа тэтгэвэр тэтгэмж, халамжийн үйлчилгээ авах юм уу эсвэл гэр бүлийнхээ асаргаанд байхаас өөр аргагүй болно. Харин мөнгө зарцуулаад ч хамаагүй боловсрол эзэмшээд, ажил хөдөлмөр эрхлэх юм бол эсрэгээрээ татвар төлөгч ч болох боломжтой.
Нийгэмд аль нь илүү хэрэгтэй вэ гэдэг нь тодорхой юм. Хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй нь хамаагүй сургуульд сурсан ч төгсөөд ажилгүй байгаа хүмүүс байгаа гэдэг нь тодорхой. Тэглээ гээд хөгжлийн бэрхшээлгүй хүмүүст “сурч боловсрох шаардлагагүй” гэж хэлдэггүй шүү дээ. Боловсролын үйлчилгээ нь өргөн хүрээтэй, хүртээмжтэй, тэгш байдалтай байх ёстой.
Хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй бүх хүн боловсрол эзэмших эрхтэй. Тус төслийн үйл ажиллагаа нь боловсролын салбартай шууд холбоогүй ч гэсэн нийгмийн хандлага, ойлголтыг өөрчлөх, дэд бүтцийн саадыг арилгахыг нийгэмд уриалж ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй, баян, хоосон ялгаагүй бүх хүн боловсрол эзэмших боломжтой нийгмийг бий болгоцгооё.
“Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”
Жайка ОУХАБ-ын мэргэжилтэн, Ахлах зөвлөх Чиба Хисао