Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас жил бүр Нобелийн шагналт эрдэмтдийн лекцийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Анхны зочноор доктор, профессор Эдвард Мозерийг урьсан бөгөөд өнөөдөр “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр үнэ төлбөргүй лекц төрийн ордонд унших юм.
Норвеги Улсын эрдэмтэн доктор, профессор Эдвард Мозер нь хүний тархинд орон зай, цаг хугацааны мэдрэмж хэрхэн хадгалагддаг, түүнийг боловсруулах механизмийн талаар хийсэн судалгаагаар 2014 онд Нобелийн шагнал хүртсэн юм.
Түүнээс гадна Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон Норвеги, Швейцар, Испани, Япон зэрэг 11 орны тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд оролцож, илтгэл хэлэлцүүлэх аж.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэх, дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдүүлэхэд томоохон түлхэц үзүүлнэ хэмээн зохион байгуулагчид үзэж буй юм.