
“Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин” сэдэвт хэлэлцүүлэг нийслэлийн Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлгийн үр дүнд өнөөдрөөс эхлэн 7 хоногийн турш “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” сэдэвт аян өрнүүлж байна.
Монгол Улс “Фэйсбүүк” хэрэглэгчийн тоогоор дэлхийн дунджаас 2.1 дахин, Ази тивийн улс орнуудын дунджаас 3.6 дахин их байгаа талаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлсэн.
Мөн цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болон интернэт орчинд үйлдэгдэж байгаа бусад төрлийн гэмт хэрэг 2017 онд 299 байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 5 дахин өссөн үзүүлэлттэй байгаа талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс тус тус мэдээлсэн.
Мэдээллийн технологийн хөгжил олон давуу талыг бий болгож байгаа хэдий ч багагүй сөрөг талуудыг дагуулж байгаа юм. Иймд цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах шаардлага бидний өмнө тулгарч байгаа юм. Тиймээс эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин бүрдүүлэхэд залуучуудын идэвх, санаачилга, оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна.
Хэлэлцүүлгийн үеэр хүүхэд, залуучууд сэтгүүл зүйг сошиал ертөнцөөс салгаж, ялгах мэдлэг, чадвар дутмаг байна. Үүний улмаас хуурамч болон өрөөсгөл мэдээлэлд хууртах, нийгэм, юмс, үзэгдлийн талаар дутуу дулимаг, буруу ойлголттой болох эрсдэл өндөр байгаа талаар санал нэгдэж, хэрэгцээтэй мэдээллээ үр дүнтэйгээр эрж хайх, мэдээллийн үнэн бодит байдалд шүүмжлэлтэйгээр хандах, үнэлэх, интернэтийн орчинд санал бодлоо илэрхийлэхдээ бусдыг хүндэтгэх, цахим халдлагаас өөрийгөө хамгаалах боломж, арга замын талаарх мэдлэг, ойлголттой болох хэрэгтэй байгааг онцлов.
“Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” 7 хоногийн аяны хүрээнд:
Даваа гараг - Эерэг мэдээллийн өдөр
Мягмар гараг - Талархах өдөр
Бусдад талархал илэрхийлцгээе
Лхагва гараг - Бахархах өдөр
Пүрэв гараг -Тусч өдөр
Бусдад тус хүргэцгээе
Баасан гараг - Өөрийгөө хөгжүүлэх өдөр
Бямба гараг - Хариуцлагатай өдөр
Ням гараг - Хамгааллын өдөр