2018 оны наймдугаар сарын 9-ний орой Зам тээврийн хөгжлийн яамны байранд хүн амины хэрэг гарч, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал нь тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг бүрэлгэсэн хэрэгт холбогдон цагдан хоригдоод буй.
Өнөөдөр талийгаачийн 49 дэх хоног болж байгаа тул хохирогчийн ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд хандаж, зарим баримт нотолгоог дэлгэлээ.
Талийгаачийн аав Р.Төмөрхуяг “Бид дөрвөн үеэрээ төрд зүтгэж буй сэхээтэн гэр бүл. Би хүчний болон төрийн байгууллагад 43 жил ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан. Ийм зүйл тохиолдол гэж бодолгүй хүүгээ төрийн албанд зүтгүүлсэн. Хэрэг явдлын дараа хүүг маань ажил дээрээ архидан согтуурсан гэх мэдээлэл олон нийтийн хэрэгслээр цацагдсан. Хүү маань тэгэж явах хүн биш. Би өөрөө ч архи огт уудаггүй. Одоо надад дөрвөн ач минь л үлдлээ. Би хүүхдүүдэд нь 20 жилийн дараа эцэг чинь архи ууж байгаад ажил дээрээ амь алдсан гэж хэлэх үү эсвэл архи ууж согтуурсан хүмүүсийн гарт амиа алдсан гэх үү гэдгээ шийдүүлэхийн тулд явж байна" гэв.
Талийгаачийн авга ах Р.Ганхуяг хэлэхдээ "Айл бүрт хүний хайр татсан хүүхэд гэж байдаг. Дүү минь тийм л хүн байсан. Би өнөөдөр дүүгээ зүгээр ч нэг архидан согтуурч байгаад амиа алдсан гэх мэдээллийг баримт нотолгоотойгоор үгүйсгэхээр энд ирсэн юм. Өрөөндөө ажлаа хийгээд сууж байхад нь дуудаж авчраад амь насыг нь хороосон. /Талийгаачийн барьж байсан утасны бичлэгийг сонсгов. Тус бичлэгт талийгаачийг Б.Махбалын өрөөнд дуудаж байгаа бичлэг үлдсэн байна/. Хэрэг гарсны маргааш намайг ажил дээр нь очиход компьютер нь асаалттай, гэрэл нь асаалттай, пиджак нь сандал дээрээ тохоостой, бичиг цаас нь дэлгээтэй байсан.
Энэ бол эрх мэдлийн төлөөх тэмцлээс үүдэлтэй. Дүүг маань хөдөө томилолтоор явж байхад нь С.Дорждагвыг Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байсан. Иймд энэ хэргийг Монгол Улсын Ерөнхий сайд анхааралдаа аваасай гэж хүсэж байна" гэлээ.
Өмгөөлөгч З.Хүрэлсүх "Хэрэг үйлдэгдсэнээс хойш 14 цагийн дараа ЦЕГ-ийн хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулж олон нийтэд мэдэгдсэн. Ингэхдээ уг хэргийг албан тушаалтай огт холбоогүй, хоёр хүний архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн хэрэг болох нь тогтоогдсон гэж мэдээлсэн. Хэргийг шалгах ажиллагаа одоо хүртэл үргэлжилж буй. Үүгээр ч зогсохгүй олон нийтийн анхаарлыг архинд хандуулах оролдлого яваад байна. Олон нийтийн анхаарлыг архинд хандуулж, өөр тийш залах нь хэнд ашигтай байв гэсэн хардлага бидэнд бий болж байна. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар шалгагдаж буй хэргийн явцын талаар мэдээлэх эрх зөвхөн прокурорт бий.
Талийгаач архинаас хол хөндий байсныг олон жил мөр зэрэгцэн ажилласаны хувьд мэднэ. Харин ч архидаж байсан хүмүүс мөрөөрөө ажлаа хийж явсан хүнийг өрөөндөө дуудсан гэдэг нь утасны бичлэгнээс ил боллоо. Иймд улс төрийн хэлмэгдүүлэлт явагдаж байна гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна. Засгийн газар солигдоход яамны удирдах бүрэлдэхүүн солигддог жишиг тогтсон. Төрийн албан тушаалтны томилгоо хуйвалдааны шинжтэй болсон учраас ажлаа хийж явсан төрийн мэргэшсэн албан хаагч амиа алдлаа.Талийгаач нь төрийн мэргэшсэн албан хаагчийн шалгалтад ороод тэнцсэн. Иймд энэ хүн төрд ажиллах эрхгүй гэх асуудал огт байх ёсгүй.
Хэргийн хувьд СХД-ийн цагдаагийн I хэлтэст шалгаж байсан. Дараа нь Нийслэлийн цагдаагийн газарт шилжсэн бол одоо ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг шалгах хэлтэст шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир зарим зүйлийг мэдээлэх боломжгүй байна" гэлээ.