
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль, Хил хамгаалах ерөнхий газар хамтран "Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулах гэж байна. Тус хурал нь хил дамнасан гэмт хэрэг, хилийн зөрчилтэй улсын хил, түүний орчмын нутаг дэвсгэрт тэмцэх, хил хязгаарт улс, нийгэм, ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, хөрш улсуудын хил хамгаалах, хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү анхаарал хандуулах зорилготой аж.
Хуралд Төрийн захиргааны 35 байгууллага, зургаан их, дээд сургууль, эрдэм шинжилгээний 10 хүрээлэн, төрийн бус гурван байгууллага, нийт 300 гаруй эрдэмтэн, судлаачид, 350 гаруй залуу судлаач, гадаадын 20 орчим зочин төлөөлөгч, олон улсын байгууллагын 50 гаруй элчин сайд, ажилтан оролцож, 30 орчим илтгэлийг гурван салбар хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Мөн хурлын төгсгөлд хэлэлцсэн асуудлын үр дүнгээр зөвлөмж гаргаж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн дээд болон төв байгууллагууд, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудад хүргүүлэх гэнэ.
"Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангах, түүний шинжлэх ухааны үндэслэлийг зөв тодорхойлох, эрх зүйн орчныг сайжруулах, хил хамгаалах, хилийн хяналтын болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргахад энэ удаагийн хурлын зорилго оршиж байна" хэмээн зохион байгуулагчид онцолсон юм.