
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн нэрэмжит Монгол ардын богино дуу дуулаач, мэргэжлийн дуучдын улсын VI уралдаан болж өндөрлөлөө. Уралдааны эхний шатны шалгаруулалтыг өнгөрсөн сарын 28-29-нд Улсын филармонийн байранд зохион байгуулсан бол эцсийнхийг Төв аймгийн “Монгол туургатан” театрт энэ сарын 1-нд явуулж, шагналтнуудыг тодруулсан юм. Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулсан уг уралдаанд төв болон орон нутгийн урлаг, соёлын байгууллагыг төлөөлж 43 дуучин оролцлоо. Тэргүүн байрыг нийслэлийн “Улаанбаатар” чуулгын дуучин О.Анхцэцэг эзэлсэн бол, хоёр, гуравдугаар байрт “Түмэн эх” чуулгын дуучин Ч.Бямбахорол, Үндэсний урлагийн их театрын дуучин Ч.Гантуяа нар шалгарчээ. Мөн Ардын жүжигчин Л.Цогзолмаагийн нэрэмжит шагналыг Д.Дугармаа хүртлээ. Мартагдсан дууг сэргээн сайн дуулсан үзүүлэлтээр олгосон шагналыг Булган аймгийн хөгжимт драмын театрын дуучин П.Золзаяа авав.
Бэлтгэсэн Л.Энхцэцэг