
Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Тэтгэвэр бодуулах цалингийн дундаж хугацаа таван жил байсныг зургаа, долоон жил болгон өөрчилжээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд гишүүд ганц цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмж бус бусад иргэдийн тэтгэвэр бодуулах цалингийн дундаж жилийг буцааж тав болгох эсэх, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах талаар тодруулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн талаарх багц хуулийг шинэчлэх ажил хийгдэж байгаа бөгөөд амжвал намрын чуулганы хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ гэлээ. Тэтгэвэр, тэтгэмжид хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хуулийн төсөлд тусгаж байгаа гэдгийг сайд хариулав. 2019 оноос тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, халамжийн тэтгэврийг амьжиргааны доод түвшинд хүргэхээр тусгаад байгааг мөн тодотгосон. Түүнчлэн олон улсын байгууллагаас нийгмийн даатгалын сангийн алдагдлыг багасгах зөвлөмж өгдөг гээд энэ хүрээнд хуульд өөрчлөлт оруулан тэтгэвэр бодуулах цалингийн дундаж хугацаа таван жил байсныг зургаа, долоон жил болгон өөрчилсөн гэж тэрбээр хэллээ. Цаашид ажилласан жилийн дараалсан хугацаа тав байх уу, долоо байх уу гэсэн асуудлыг тэтгэвэр, тэтгэмжийн тухай багц хуулийн шинэчлэлийн үеэр ярилцан шийдэж болох байх гэж бодож байна хэмээлээ.

Сергей Шойгу Монголд айлчлав
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгу энэ сарын 18-нд манай улсад айлчиллаа. Түүнийг Ерөнхий сайд хүлээн авч уулзсан бөгөөд Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж үзүүлэх, боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлэв. Мөн цаашид “Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүсэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар С.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Ерөнхийлөгч ХБНГУ-д айлчлалаар явсан учир одонг УИХ-ын дарга М.Энхболд гардуулж өгчээ.

Монгол Улсын анхны хурдны зам ирэх онд ашиглалтад орно гэв
Автозамын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХын чуулганы хуралдаанд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км, хоёр урсгал, зургаан эгнээтэй хурдны замыг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад хүлээн авна. Энэ замын үндсэн хийц, хучилтын ажил ирэх сард дуусахаар байна гэлээ. Мөн "Бид бага зардлаар аль болох урт зам тавьж ирсэн. Одоо чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишигт ойртсон хийц, бүтэцтэйгээр төлөвлөх, барьж байх зорилт тавьж байна" гэдгээ онцолсон юм.

Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаа нас баржээ
2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, улмаар машинтай зугтах үйлдэл гаргаж цагдаагийн алба хаагчийг чирж унаган гэмтээсэн хэрэг гарсан. Үүний дагуу цагдаагийн байгууллагаас 45 настай, эрэгтэй Бадамын Энхбаяр, 25 настай, эрэгтэй Түвдэндоржийн Лундаа нарыг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд оройны 22 цаг 30 минутад Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23 цаг 25 минутад Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхыг нь олж тус тус баривчилсан байна. Харин албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч хагалгааны дараа биеийн байдал нь хүндэрч, таалал төгсчээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн цагдаагийн газарт очин Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөл, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагын хамт салах ёс хийж, гэрбүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлэв.

Оюутолгойн далд уурхайд гал гарч, 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн гүний уурхайд энэ сарын 16-ны өдөр гал гарчээ. Ослын үеэр хүн амь насаа алдаагүй бөгөөд тэнд ажиллаж байсан 500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Ажилчдын ярьж буйгаар нэгдүгээр босоо ам буюу 1483 метрийн гүнд дунд оврын хөдөлгөөнт тоног төхөөрөмжид гал гарч, ослын үед авч хэрэгжүүлэх аюулгүй ажиллагааны төлөвлөгөөг цаг алдалгүй түргэн шуурхай авч хэрэгжүүлсний дүнд галыг унтрааж чаджээ.

У.Хүрэлсүх: Газрын тосны үйлдвэр байгуулах нь монгол хүн бүрийн зорилго байх ёстой гэв
Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Сайншанд хот, Замын-Үүд суманд албан томилолтоор ажиллаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг байгуулах барилга угсралт, Бүс нутгийн тээвэр Логистикийн төв, Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах ажилтай танилцжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Газрын тосны үйлдвэрийг байгуулах нь монгол хүн бүрийн зорилго байх ёстой. Үр дүн нь хувь хүн, айл гэр бүрт мэдрэгдэх нь дамжиггүй. Тиймээс Газрын тосны олборлолтыг дотооддоо явуулж, үйлдвэрийг барьж байж нефтийн үнэ, ханшийн давалгаанаас эх орноо хамгаална. Монголчууд бид нефтийн бүтээгдэхүүнээ ам доллараар худалдан авч, дэлхийд нефтийн үнэ өсөх тусам даган нэмэгдэж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ уялдан тогтоогдож байна. Дэлхий дахинд эдийн засгийн чимээгүй дайн дэгдэж, том гүрнүүд худалдааны дайн эхэлж, сөрөг үр дүн нь Монгол Улсад мэдрэгдэх боллоо. Тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд гурван зүйл хийх ёстой. Нэгдүгээрт эрүүл хүнсээр ард түмнээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа хадгалах, хоёрдугаарт эрчим хүчний хараат бус, аюулгүй нөхцөлөө бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлаа чандлан хамгаалах, гуравдугаарт нефть тослох материалыг дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна" гэлээ.

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалт Брюсель хотод эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нэгдүгээр нэгдсэн хуралдаанд оролцож байна. Тэрбээр “Ирээдүйг хамтран бүтээх нь: АСЕМ бол бүх нийтийг хамарсан өсөлт болон тогтвортой уялдаа холбоог хангахад тэргүүлэх хүчин” сэдвээр илтгэл тавив. Илтгэлдээ "
Зүүн Хойд Азийн бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал юм. Тиймээс бид бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлын асуудлаарх яриа хэлэлцээний механизмыг хөгжүүлэхийг зорьж Улаанбаатарын яриа хэлэлцээ зэрэг хурал, арга хэмжээг санаачлан тууштай хөгжүүлж ирсэн.
Монгол Улс сүүлийн үед Солонгосын хойгт гарч буй нааштай өөрчлөлтүүдийг талархан сайшааж байгаа бөгөөд талуудын яриа хэлэлцээ, хүчин чармайлт нь бүс нутаг, дэлхий дахины аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө хэмээн итгэж байна.
Бид Зүүн Хойд Азийн хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдлын төдийгүй эдийн засаг, соёлын зэрэг бусад хүрээнд өргөжүүлэх санал санаачилга дэвшүүлэх, бүс нутгийн орнуудын энэ чиглэлийн санаачилгыг дэмжих, нэгдэх чиглэлээр ажиллаж байна.
Миний бие өнгөрсөн сард Владивосток хотноо болсон Дорны эдийн засгийн форумын үеэр цахилгаан эрчим хүчээр хангах, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын оновчтой шийдэл болох “Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” төслийн ажлыг хамтран, цаг алдалгүй, шуурхай эхлүүлэхийг уриалсан" хэмээн онцлов.